Т.Доржханд парламентын ардчиллыг хамгаалах тогтолцооны өөрчлөлтийг урагшлуулж байна

2022 оны 8 сарын 25


УИХ-ын дарга Г.Занданшатар Т.Доржханд гишүүний гаргасан саналыг ТББХ-гоор хэлэлцүүлэхийг тус байнгын хороон даргад даалгаж, ҮХНӨ-ийн төсөл боловсруулах ажлын хэсгийг яаралтай байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.

Монгол Улс Ардчилсан тогтолцоог сонгосон өнгөрсөн 30 жилд тодорхой амжилтуудыг нийгэм, хүний эрхийн чиглэлд бий болгосон хэдий ч эдийн засаг, өрхийн амьжиргаа, төрийн удирдлага, засаглалын хувьд дорвитой ахиц гарахгүй явж ирлээ. Үр дүнд нь эдийн засагт төрийн оролцоо хэт өндөр, авлига төрийн дээд, дунд, доод бүх шатанд газар авсан, нийгэм дэх орлогын харьцаа асар ялгаатай байдал үргэлжилсэн хэвээр.

Энэ бүхний суурь асуудал тогтолцоондоо байна гэдэгтэй улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийт санал нийлдэг болсон.

Тэгвэл тогтолцооны өөрчлөлтийг цаг алдалгүй, зоригтой хийх шаардлагатайг уриалж, тогтолцооны өөрчлөлтийг "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" замаар хийхээр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд манлайлж, тууштай урагшилж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн хугацаанд “Өөрчил, ҮГҮЙ бол тар” тогтолцооны өөрчлөлт хийхийг шаардсан жагсаал, үргэлжлүүлээд иргэд, олон нийтэд ҮХНӨ хийх 5 үндэслэлээ танилцуулж 180,000 орчим иргэний дэмжлэг, гарын үсгийг цуглуулсан.

Цаашлаад “Үндсэн хуулийн цэц”-д Монгол Улсын иргэнийхээ хувиар ХОЁР ч удаагийн гомдол гаргаж үр дүнд хүрээд буй. Тодруулбал сонгогчийн санал гээгддэг буюу нийт сонгогчдын ердөө 35%-45% дэмжлэг авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүн, төлөөлөгч болдог үлдсэн 60%-70% сонгогчдын санал ҮХДЭГ сонгуулийн мажоритар тогтолцоог халж нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангадаг хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог сонгуулийн хуульд оруулах боломжийг “Үндсэн хуулийн цэц”-д маргаан гаргаж ялалт байгуулснаар бий болгосон.

Энэ удаад олон УИХ-ын гишүүн сайдын албыг хавсрах боломжтой болохыг “Үндсэн хуулийн цэц”-д маргаан үүсгэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Монгол Улсын парламент 76 гишүүнтэй, нэг гишүүний ачаалал хэт их, давжаа парламенттай өнөө үед тохиромжгүй тул парламентын гишүүдийн тоог нэмэх замаар сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх, цаашлаад засаглалын хуваарилалтыг зөв голдиролд оруулах үр дүнд хүрлээ.

ХҮН нам парламентад ердөө 1 суудалтай ч Монгол Улсын дараагийн 30 жилийн нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжлийг тодорхойлох тогтолцооны суурь шинэчлэлийг амжилттай манлайлж, дорвитой үр дүнг бий болгосоор байна.