намын бэлгэдэл


Намын бэлгэдэл ХҮН лого нь Монгол Улсын эрхэм дээд баялаг, эх орны эзэн, хөгжил дэвшлийг бүтээгч нь Монгол хүн гэдгийг илэрхийлнэ. Баруун тийш хандсан сумны зэв нь ХҮН нам Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн, эх орноо дэлхийн Монгол болгон хөгжүүлэхийн төлөө зэв мэт хурц, тууштай зүтгэхийг, намын бодлого нь хүнд чиглэж, хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа баялаг бүтээх эрх чөлөөг онцлон дээдэлсэн оновчтой шийдэл, хөгжлийн гарц буюу Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл баримтлалыг илэрхийлнэ. Намын бэлгэдлийн өнгө нь цэвэр тунгалаг, шинэ эрч хүч, тэгш боломжийг бэлгэдсэн яргуй цэцгийн нил ягаан болон цэвэр ариун, шударга үнэн байдлын илэрхийлэл сүүн цагаан өнгөний хослол байна.

Намын үзэл баримтлал

ХҮН нам нь Монгол Улсаа 21-р зууны хөгжлийн шинэ эринд гаргах их үйлсийг түүчээлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан, аз жаргалтай, эрх чөлөөт нийгмийг байгуулах эрхэм зорилготой, Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл баримтлал бүхий баруун төвийн нам байна.

Үнэт зүйл

ХҮМҮҮНЛЭГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ үзэл санааны таван суурь үнэт зүйлийн агуулга нь:
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
Хүн бүр адил тэгш эрхэм чанар, эрх чөлөөтэй төрдөг бөгөөд өөрийн амьдралыг зөвхөн өөрөө хариуцаж, нийгмийн гишүүний хувьд бусдын эрхэм чанар, эрх чөлөөний орон зайг хөндөхгүйгээр өөрийгөө хөгжүүлэх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Эрх чөлөөm байдал нь монгол хүний унаган үнэт зүйл, хүсэл тэмүүлэл!
ЭВ НЭГДЭЛ
Бидний цөөхөн Монгол эвлэлдэн зөвшилцөж байж л хүчирхэг дэлхийн Монгол болно.Эв нэгдэл бол эрх чөлөөний урьдач нөхцөл!
тэгш боломж
Хүн бүр, хүүхэд бүр суралцах, хөгжиж дэвших, ажил, бизнес эрхлэх, эрх чөлөөтэй амьдрах ижил гараа, тэгш боломжтой байх ёстой. Ижил гараа, тэгш боломж бол эрх чөлөөний эхлэл!
бүтээх эрх чөлөө
Бүтээлч, хариуцлагатай, эрх чөлөөт иргэн хүчирхэг Монголыг бүтээнэ. Бүтээж туурвих болон бизнес хийх бол эрх чөлөө!
байгальд ойр монгол
Байгаль дэлхийдээ нийцэн оршдог нүүдлийн соёл, эрх чөлөө, эрч хүч бол Монголын унаган чанар, өвөрмөц үнэт зүйл. Эх дэлхийдээ ойр байх нь эрх чөлөө!

Баримтлах зарчмууд

Эрх Ашгийн Эрэмбэтэй
Улс орны эрх ашиг намын эрх ашгаас, нам, багийн эрх ашиг хувийн эрх ашгаас ямагт дээгүүр байна. Нийтийн зорилго, багийн амжилтын төлөө хувийн сонирхлоо хойш тавьж, багийн шийдвэрийг хүндлэн хүчээ өгнө.
Сахилга баттай
Бид баталсан дүрэм, дотоод дэг журмаа мөрдөж, удирдах, удирдуулах ёс, итгэлцэл, хүндлэл, хатуу сахилга батыг барьж алсыг хамтдаа зорьсон анд, нөхөд байна.
Авлигагүй
Авлига авах, өгөх, зуучлахыг хатуу цээрлэж, авлигаас ангид байна. Авлигын асуудалд холбогдсон бол намын зүгээс санаачилга гарган хууль хяналтын байгууллагад хандахад эмзэглэхгүй.
Эв нэгдэлтэй
Ямар ч тохиолдолд алсын зорилго, нийтлэг эрх ашгийг дээдэлж, эв нэгдлийг эрхэмлэнэ. Урваж шарвах, итгэл алдахыг тэвчихгүй.
Нэгдсэн байр суурьтай
Намын үзэл баримтлал, албан ёсоор баталсан бодлого, шийдвэрийг дагаж мөрдөнө. Намын албан ёсны байр суурь тодорхой болсон бол зөрүүдлэн муйхарлалгүй . Олонхийн саналаар гаргасан шийдвэрийг хүндэлж, дагана.