ХҮН нам

ХҮН намын дүрэм

ХҮН намын 2022 оны 4 сарын 30-ны өдрийн ээлжит бус 7-р Их хурлаар батлав

1.1. ХҮН нам (цаашид “Нам” гэх) нь Хөдөлмөрийн үндэсний намын хууль ёсны эрх залгамжлагч мөн бөгөөд гишүүдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн, улс төрийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар явуулдаг Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн. ХҮН нам нь Монгол Улсаа 21-р зууны хөгжлийн шинэ эринд гаргах их үйлсийг түүчээлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан, аз жаргалтай, эрх чөлөөт нийгмийг байгуулах эрхэм зорилготой, Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл баримтлал бүхий баруун төвийн нам байна.

1.2. ХҮН нам нь байгальд ойр, эрх чөлөөт Монголын язгуур үнэт зүйлд тулгуурласан, үндэсний эрх ашиг, эв нэгдэл, хүний эрхэм чанар, эрх чөлөө, хувийн өмч, хүний хөгжил, тэгш боломж, бизнес хийх, хөдөлмөрлөх, бүтээх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ХҮМҮҮНЛЭГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮЗЭЛ-ийг баримтална.

1.3. Нам нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

1.3.1. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэх, төрт ёсыг хүндэтгэх,

1.3.2. Үндэсний язгуур ашиг сонирхлыг намын, бүлгийн, хувийн ашиг сонирхлоос ямагт дээдлэн эрхэмлэх,

1.3.3. Зохион байгуулалт, үйл ажиллагаагаа ардчилсан зарчимд тулгуурлан цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж, олонхийн саналаар гаргасан шийдвэрийг нийтээрээ даган биелүүлж, эв нэгдлийг эрхэмлэн ажиллах,

1.3.4. Аливаа асуудлыг мэдлэгт суурилан, шударга ёсны зарчимд нийцүүлэн хариуцлагатай, ёс зүйтэйгээр шийдвэрлэх,

1.3.5. Санхүү, үйл ажиллагааг ил тод явуулах.

1.4. Намын бүтэн нэр “ХҮН нам”, товчилсон нэр “ХҮН”, англи хэлээр “The HUN Party” байна. Намын төв байгууллага нь Монгол Улсын нийслэлд байрлана.

1.5. Нам нь өөрийн бэлгэдэл, далбаатай байна. Намын бэлгэдэл ХҮН лого нь Монгол Улсын эрхэм дээд баялаг, эх орны эзэн, хөгжил дэвшлийг бүтээгч нь Монгол хүн гэдгийг илэрхийлнэ. Баруун тийш хандсан сумны зэв нь ХҮН нам Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн, эх орноо дэлхийн Монгол болгон хөгжүүлэхийн төлөө зэв мэт хурц, тууштай зүтгэхийг, намын бодлого нь хүнд чиглэж, хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа баялаг бүтээх эрх чөлөөг онцлон дээдэлсэн оновчтой шийдэл, хөгжлийн гарц буюу Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл баримтлалыг илэрхийлнэ. Намын бэлгэдлийн өнгө нь цэвэр тунгалаг, шинэ эрч хүч, тэгш боломжийг бэлгэдсэн яргуй цэцгийн нил ягаан болон цэвэр ариун, шударга үнэн байдлын илэрхийлэл сүүн цагаан өнгөний хослол байна.

2.1. Намын эрхэм зорилго, үзэл баримтлал, зарчим, мөрийн хөтөлбөр, дүрэм, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, эвлэлдэн нэгдэхээ илэрхийлсэн 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн намд гишүүнээр элсэж болно.

2.2. Намын эрхэм зорилго, үзэл баримтлал, зарчим, мөрийн хөтөлбөрийг дэмжиж буй иргэн намын гишүүнээр элсэхгүйгээр дэмжигч гишүүнээр бүртгүүлж болно. Дэмжигч гишүүний бүртгэлийг намын анхан шатны байгууллага хөтөлнө.

2.3. Намд гишүүнээр элсэх иргэн хүсэлтээ өөрийн оршин суугаа газарт үйл ажиллагаа явуулдаг намын анхан шатны байгууллагад тогтоосон маягтын дагуу бичгээр эсвэл цахим хэлбэрээр гаргах бөгөөд хүсэлтийг тухайн анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж, гишүүнээр бүртгэн намын гишүүний батламжийг олгоно.

2.4. Намын анхан шатны байгууллагын дарга нь хагас жил тутамд, шаардлагатай тохиолдолд тухай бүр гишүүдийн бүртгэлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг Гүйцэтгэх зөвлөлийн ажлын албаны гишүүнчлэлийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

2.5. Гадаад улсад байнга оршин суугаа иргэн намд гишүүнээр элсэх хүсэлтээ намын ажлын албаны гишүүнчлэлийн асуудал хариуцсан нэгжид цахим хэлбэрээр гаргаж болох бөгөөд намын ажлын албаны гишүүнчлэлийн асуудал хариуцсан нэгж зохих журмын дагуу гишүүнээр элсүүлэн бүртгэж, батламжийг дараа гардуулан өгнө.

2.6. Иргэнийг намын гишүүнээр элсүүлэхээс татгалзсан тохиолдолд шийдвэртээ үндэслэлийг дурдахгүй бөгөөд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй иргэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор намын хяналтын байгууллагад гомдол гаргаж болно.

2.7. Иргэнийг намын гишүүнээр элсүүлэхээр энэхүү дүрмийн 2.3-т заасны дагуу гаргасан намын анхан шатны байгууллагын шийдвэрийн талаар намын гишүүд үндэслэл бүхий эсэргүүцэл гаргаж болох бөгөөд энэхүү эсэргүүцлийг намын хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэнэ.

2.8. Намын гишүүнийг намын дотоод сонгуульт ажилд, төрийн улс төрийн болон удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх, сонгох, томилох асуудлыг намын дотоод сонгуулийн журмаар зохицуулна.

2.9. Гишүүн нь өөрийн байнга оршин суугаа газрын намын анхан шатны байгууллагад харьяалагдах ба онцгой хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд өөр анхан шатны байгууллагад харьяалагдах хүсэлтийг гаргаж болох бөгөөд үүнийг тухайн анхан шатны байгууллага хүлээн авч шийдвэрлэж болно.

2.10. Намын гишүүн дараах эрхтэй:

2.10.1. Намын үйл ажиллагаанд оролцох, намын бодлого, үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах,

2.10.2. Төрийн бодлогын болон намын үйл ажиллагааны талаар намын байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, намын байгууллагуудын хуралдаанд холбогдох журам, дүрмийн дагуу оролцох, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал, санаачилга, шүүмжлэл, гомдол, хүсэлт гаргах, хариу авах,

2.10.3. Санал хураалтад оролцвол намд эрхэлж байгаа албан тушаалын байдлыг үл харгалзан саналын адил тэгш эрхтэй байх,

2.10.4. Намын байгууллагаас өөртэй нь холбогдолтой асуудлыг хэлэлцэхэд тухайн намын байгууллагатай урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр биечлэн оролцох,

2.10.5. Намын харьяалагдах анхан шатны байгууллагын гишүүдийн хурал, гишүүнээр нь сонгогдсон намын байгууллага, бүтцийн нэгжийн хуралдаанд оролцох, бүх гишүүдийн санал асуулгад оролцох, сонгох,

2.10.6. Намын байгууллагын сонгуульт албан тушаалд, төрийн болон орон нутгийн төлөөллийн байгууллагын гишүүний сонгуульд намаас нэр дэвших, сонгогдох, төрийн улс төрийн болон бусад албан тушаалд намын эрх бүхий байгууллагын дэмжлэгээр нэр дэвших, сонгогдох, томилогдох.

2.10.7. Намын гишүүнээс түдгэлзэх, гарах.

2.11. Намын гишүүн дараах үүрэгтэй:

2.11.1. Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, энэхүү дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэрийг даган мөрдөх,

2.11.2. Намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөх талаар идэвхтэй ажиллах,

2.11.3. Төрийн болон орон нутгийн аливаа сонгуульд намын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчийг сурталчлан дэмжих,

2.11.4. Намын ёс зүйн журам "За Андгай"-г чанд сахиж, намын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх,

2.11.5. Намын санхүүгийн журмаар тогтоосон гишүүний татварыг хугацаанд нь төлөх;

2.11.6. Өөр намын болон намын үзэл баримтлалын эсрэг, өрсөлдөх үйл ажиллагаа явуулдаг аливаа олон нийтийн байгууллагын гишүүнчлэлээс татгалзах, гарах;

2.11.7. Өөр намын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахгүй, нэр дэвшихгүй, үйл ажиллагааг нь дэмжихгүй байх;

2.11.8. Намаас нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан бүр үндэсний эрх ашгийг дээдэлж, хууль болон ёс зүйг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;

2.11.9. Төрийн болон орон нутгийн сонгууль, бусад томилогддог албан тушаалд намын холбогдох байгууллагаас гишүүнээ нэр дэвшүүлсэн байхад тэрхүү шийдвэрийн эсрэг нэр дэвшихгүй байх;

2.11.10. Намын дотоод асуудлаар намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх олон нийтэд хандсан үйлдэл хийхгүй байх, намын дотоод мэдээллийг гадагш гаргахгүй байх, намын байгууллагатай зөвшилцөхгүйгээр дур мэдэн намын өмнөөс үйл ажиллагаа явуулахгүй байх, хэвлэлийн мэдэгдэл, мэдээлэл хийхгүй байх.

2.12. Энэхүү дүрмийн 2.11-т заасан гишүүний үүргээ биелүүлээгүй гишүүнд сануулах, намаас нэр дэвших эрхийг хасах, намын гишүүнчлэлээс хасах хүртэл сахилгын шийтгэлийг тухайн анхан шатны намын байгууллагын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ногдуулах ба энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй гишүүн намын хяналтын байгууллагад гомдол гаргаж болно.

2.13. Намын гишүүнчлэлээс түдгэлзэх, гарах, хасах:

2.13.1. Намын гишүүн хуульд заасан үндэслэлээр гишүүнээс түдгэлзэж болох бөгөөд энэ тухай хүсэлтээ харьяалагдах анхан шатны намын байгууллагад бичгээр гаргана.

2.13.2. Намын гишүүнчлэлээс түдгэлзсэн шалтгаан арилсны дараа хүсэлтээ бичгээр гарган гишүүнчлэлээ сэргээж болно.

2.13.3. Гишүүн намаас гарах хүсэлтээ харьяалагдах анхан шатны намын байгууллагад бичгээр гаргаснаар тухайн гишүүний намын гишүүнчлэл дуусгавар болох ба ийнхүү хүсэлт гаргаснаас хойш тухайн анхан шатны намын байгууллага 30 хоногийн дотор түүнийг бүх шатны намын бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулна.

2.13.4. Намын гишүүн нь намаас гарах хүсэлтийнхээ хамт гишүүний батламжаа намд буцаан өгнө.

2.13.5. Намаас хасагдсан иргэн дахин намд элсэх хүсэлтээ өөрийн оршин суух газрын анхан шатны намын байгууллагад гаргах бөгөөд энэхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ тухай иргэнийг хассан намын байгууллагын дүгнэлтийг харгалзаж үзнэ. Хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэрийг хүсэлт гаргагч болон тухайн иргэнийг урьд нь намаас хассан намын байгууллагын гүйцэтгэх байгууллага нь намын хяналтын байгууллагад давж заалдаж болно.

2.13.6. Намаас хасах шийдвэр гарсан боловч тэрхүү шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө тухайн иргэн намаас хүсэлтээрээ гарсан тохиолдолд түүнийг намаас хасагдсан гэж үзнэ.

3.1. Сум, хороо дахь намын үүр нь намын анхан шатны байгууллага байна. Орон нутгийн баг болон нийслэлийн хорооны хэсэгт намын төлөөлөгчийг эсвэл хэсгийг ажиллуулж болно.

3.2. Аймаг, нийслэл, дүүргийн намын хороо нь намын дунд шатны байгууллага байна.

3.3. Намын анхан болон дунд шатны байгууллагыг намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу эмхлэн байгуулах бөгөөд дарга, тэргүүлэгчдийг тухайн шатны намын гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар сонгож байгуулна. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хурал нь дарга болон 9 хүртэл тооны тэргүүлэгчдээс, аймаг, дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн хурал нь дарга болон 4-өөс цөөнгүй бөгөөд 8-аас ихгүй тооны тэргүүлэгчдээс, сум, хорооны намын үүрийн тэргүүлэгчдийн хурал нь дарга болон 4 хүртэл тооны тэргүүлэгчдээс бүрдэнэ. Тухайн сум, хороонд намын анхан шатны байгууллагыг байгуулаагүй бол харъяалах дээд шатны намын байгууллага нь энэхүү дүрэмд заагдсан намын анхан шатны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.4. Сум, хороон дахь намын анхан шатны байгууллага нь дараах чиг үүрэгтэй:

3.4.1. Намын бодлого, шийдвэр, улс төрийн хүсэл зориг бүрэлдэхэд гишүүдийнхээ оролцоог хангах ажлыг зохион байгуулах;

3.4.2. Намын бодлого, шийдвэрийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх;

3.4.3. Гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөж, тэдэнтэй ажиллах, намын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх;

3.4.4. Гишүүд, дэмжигчдэдээ намын болон төрийн асуудлаар мэдээлэл авах болон чадавхижуулах арга хэмжээнд хамрагдах боломжийг хангах;

3.4.5. Намын байгууллагын хүний нөөцийн удирдлагыг намын хүний нөөцийн нэгдсэн бодлого, журмын хүрээнд хэрэгжүүлж, намын сургалт, судалгааг тогтоосон журмын дагуу зохион явуулах,

3.4.6. Тухайн орон нутагт тулгараад буй нэн тэргүүний асуудлуудыг тодорхойлох, шийдлийг дэвшүүлэх, хөгжлийн загварыг тодорхойлоход манлайлан ажиллаж орон нутгийн сонгуулиар тухайн сум, хорооны удирдлагыг аван, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавьж, хүний нөөцийн бодлого барьж ажиллах,

3.4.7. Төрийн болон орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, сонгуулийн сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

3.5. Аймаг, нийслэл, дүүрэг дэх намын дунд шатны байгууллага нь дараах чиг үүрэгтэй:

3.5.1. Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын гүйцэтгэх төв байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг нь дүгнэж намын гишүүд, гүйцэтгэх төв байгууллагад мэдээлэх;

3.5.2. Харьяалах нутаг дэвсгэрийн намын анхан шатны салбар нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

3.5.3. Аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллагын хүний нөөцийн удирдлагыг намын хүний нөөцийн нэгдсэн бодлого, журмын хүрээнд хэрэгжүүлж, намын сургалт, судалгааг тогтоосон журмын дагуу зохион явуулах;

3.5.4. Аймаг, нийслэл, дүүргийн намын дунд шатны байгууллага нь тухайн орон нутагт тулгараад буй нэн тэргүүний асуудлуудыг тодорхойлох, шийдлийг дэвшүүлэх, хөгжлийн загварыг тодорхойлоход манлайлан ажиллаж орон нутгийн сонгуулиар тухайн аймаг, нийслэл, дүүргийн удирдлагыг аван, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавьж, хүний нөөцийн бодлого барьж ажиллах;

3.5.5. Хүний эрх, байгаль хамгаалал, иргэдийн соёл боловсрол зэрэг чиглэлээр иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллагатай идэвхтэй харилцан ажиллах буюу хамтран тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

3.6. Намын анхан шатны байгууллагын эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал, намын дунд шатны байгууллагын эрх барих байгууллага нь намын хорооны тэргүүлэгчдийн хурал байна.

3.7. Намын дэргэд намын мөрийн хөтөлбөр, сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах болон цаг үеийн асуудлаар нам байр сууриа илэрхийлэх, бодлогын шийдэл гаргахад туслах зорилго, чиг үүрэгтэй бодлого судалгааны хүрээлэнг байгуулж ажиллуулна. Намын дэргэд өөр аливаа бие даасан хуулийн этгээд байгуулж ажиллахыг хориглоно.

3.8. Нам дотор албан ёсны аливаа жигүүр, фракц байгуулах, фракцын зарчмаар ажиллахыг хориглоно.

4.1. Намын удирдах дээд байгууллага нь намын Их хурал байна. Намын Их хурлын төлөөлөгчид нь намын сонгуульт албан тушаалтнууд болон анхан, дунд шатны нэгжүүдээс сонгогдсон намын гишүүдээс бүрдэнэ.

4.2. Дараах сонгуульт албан тушаалтнууд нь намын их хурлын төлөөлөгчид байна.

- Намын дарга,

- Ерөнхий нарийн бичгийн дарга,

- Удирдах зөвлөлийн гишүүн,

- Нарийн бичгийн дарга;

- Намын дунд шатны байгууллагын дарга;

- Төлөөлөх зөвлөлийн гишүүн,

- Гүйцэтгэх төв байгууллагын газар, хэлтсийн дарга,

- Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын гишүүн,

- Намаас төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон болон томилогдсон гишүүн;

- Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон гишүүн.

4.3. Намын анхан болон дунд шатны нэгжээс дараах тооны гишүүдийг их хурлын төлөөлөгчөөр сонгоно.

- Нийслэлийн намын хорооноос 9 төлөөлөгч;

- Аймаг, дүүргийн намын хорооноос тус бүр 4 төлөөлөгч;

- Намын анхан шатны байгууллагаас тус бүр 1 төлөөлөгч.

4.4. Намын их хурлын төлөөлөгчдийг сонгохдоо 30-аас доошгүй хувь нь эмэгтэй гишүүн байх зарчмыг баримтална.

4.5. Намын ээлжит Их хурлыг УИХ-ын сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн дараа тухайн жилд багтаан хуралдуулна. Их хурлыг хуралдуулах шийдвэрийг 30-аас доошгүй хоногийн өмнө намын Удирдах зөвлөлөөс гаргана.

4.6. Намын төлөөллийн төв байгууллагын нийт гишүүдийн гуравны хоёр, эсвэл намын Их хурлын нийт төлөөлөгчдийн гуравны нэгийн шаардсанаар намын ээлжит бус Их хурлыг Удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулж болно.

4.7. Намын дарга намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах саналыг Удирдах зөвлөлд оруулж болох бөгөөд саналыг Удирдах зөвлөл 14 хоногийн дотор хэлэлцэж ээлжит бус Их хурал хуралдуулах шийдвэр гаргана.

4.8. Намын Их хурлыг нийт төлөөлөгчдийн олонхи нь оролцсоноор хүчинтэйд тооцно.

4.9. Намын Их хурал нь дараах онцгой бүрэн эрхтэй:

4.9.1. Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах,

4.9.2. Намын төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох, тайланг хэлэлцэх;

4.9.3. Намын хариуцлагын ерөнхий хорооны гишүүдийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх;

4.9.4. Намын даргыг сонгох, чөлөөлөх,

4.9.5. Намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг зогсоох, нэрийг өөрчлөх,

4.9.6. Намын Их хурлаар хэлэлцүүлэхээр намын байгууллагаас оруулсан бусад асуудлыг шийдвэрлэх.

5.1. Намын Төлөөлөх зөвлөл нь намын төлөөллийн төв байгууллага мөн. Намын Төлөөлөх зөвлөлийн төлөөлөгчид нь албан тушаалын болон сонгуулийн зарчмаар сонгогдоно.

5.2. Төлөөлөх зөвлөлийн бүрэлдэхүүнд албан тушаалын зарчмаар дараах намын гишүүд орно. - Намын дарга,

- Намын Ерөнхий нарийн бичгийн дарга,

- Намын Удирдах зөвлөлийн гишүүн,

- Намын нарийн бичгийн дарга,

- Нийслэлийн намын хорооны дарга, дэд дарга,

- Аймаг, дүүргийн намын хорооны дарга,

- Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын гишүүн,

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн,

- Намаас төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон болон томилогдсон гишүүн,

- Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон гишүүн.

5.3. Сонгуулийн зарчмаар сонгогдох Төлөөлөх зөвлөлийн төлөөлөгчдийг аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны эрх барих байгууллага болон намын гүйцэтгэх төв байгууллага сонгоно. Тухайн намын байгууллагаас сонгуулийн зарчмаар сонгогдсон төлөөлөгчдийн тоо нь албан тушаалын зарчмаар сонгогдсон төлөөлөгчдийн тооны 50 хувиас хэтрэхгүй байна. Аймаг, дүүргийн албан тушаалын зарчмаар сонгогдсон төлөөлөгч гэдэгт аймаг, дүүргийн намын хорооны дарга болон тухайн аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон намын гишүүнийг, нийслэлийн албан тушаалын зарчмаар сонгогдсон төлөөлөгч гэдэгт нийслэлийн намын хорооны дарга, дэд дарга болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон намын гишүүнийг, намын гүйцэтгэх төв байгууллагаас албан тушаалын зарчмаар сонгогдсон төлөөлөгч гэдэгт Намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, намаас төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон болон томилогдсон гишүүнийг тус тус тооцно.

5.4. Албан тушаалын зарчмаар намын Төлөөлөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон гишүүн тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд тэднийг чөлөөлж, тэдгээрийн оронд тухайн албан тушаалд сонгогдсон эсвэл томилогдсон намын гишүүнийг Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулж намын Төлөөлөх зөвлөлийн гишүүнээр бүртгэнэ. Сонгуулийн зарчмаар сонгогдсон гишүүний сул орон тоо гарвал тухайн гишүүнийг сонгосон намын байгууллага намын гишүүдээс нэр дэвшүүлж нөхөн сонгож Гүйцэтгэх зөвлөлд хүргүүлж бүртгэлд хамруулна.

5.5. Намын Төлөөлөх зөвлөлийн хуралдааныг намын Удирдах зөвлөлөөс жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулна.

5.6. Намын Төлөөлөх зөвлөлийн хуралдааныг намын дарга даргална.

5.7. Төлөөлөх зөвлөлийн нийт төлөөлөгчдийн олонхи нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

5.8. Намын Төлөөлөх зөвлөл нь дараах бүрэн эрхтэй:

5.8.1. Намын Их хурлаар баталсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх,

5.8.2. Намын даргад нэр дэвшигчийг тодруулах, чөлөөлөх саналыг Их хуралд оруулах,

5.8.3. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;

5.8.4. Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын даргаас бусад Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх,

5.8.5. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгож тодруулах,

5.8.6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бусад улс төрийн намтай хамтран нэр дэвшүүлэх, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд бусад улс төрийн намтай “эвсэл” байгуулж оролцох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх,

5.8.7. УИХ-ын сонгуулийн үр дүнд “эвсэл”-ийн Засгийн газар байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх,

5.8.8. Намын Гүйцэтгэх төв байгууллагын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;

5.8.9. Намын Төлөөлөх зөвлөл нь дараах журмуудыг батлан мөрдүүлнэ:

5.8.9.1. Намын гүйцэтгэх төв байгууллагын ажиллах журам,

5.8.9.2. Намын Хариуцлагын хорооны ажиллах журам,

5.8.9.3. УИХ дахь намын гишүүдийн бүлгийн ажиллах журам,

5.8.9.4. Намын гишүүнчлэлийн журам,

5.8.9.5. Намын дотоод сонгуулийн журам,

5.8.9.6. Намын санхүүгийн журам.

5.9. Удирдах зөвлөл нь нийт 25 хүртэл гишүүнээс бүрдэх ба бүрэлдэхүүнд нь Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийн 23 хүртэл гишүүн багтана.

5.10. Дүрмийн 5.8.4-д заасан Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийн 23 гишүүнийг сонгуулахаар Намын дарга Төлөөлөх зөвлөлд нэр дэвшүүлэн санал оруулна.

5.11. Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхтэй:

5.11.1. Намын Төлөөлөх зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж, Төлөөлөх зөвлөлийн хуралд танилцуулах,

5.11.2. Анхан болон дунд шатны намын байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, шаардлага хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх шийдвэр гаргах,

5.11.3. Төлөөлөх зөвлөлийн чөлөөт цагт 5.8.9-д заасан журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, улс төрийн шийдвэр гаргах,

5.11.4. Намын дэд даргыг намын даргын санал болгосноор томилох,

5.12. Тодорхой асуудлыг шийдэх зорилгоор намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно. Ажлын хэсэг нь намын Удирдах зөвлөлөөс баталсан шийдвэр, удирдамж, зарчмаар ажиллах ба намын бүх шатны байгууллагын гишүүд болон намын гишүүн бус иргэдийг ажлын хэсэгт оролцуулан ажиллуулж болно.

6.1. Нам даргатай байх ба Намын дарга нь намын тэргүүн мөн. Нам нь 3 хүртэл тооны дэд даргатай байж болно.

6.2. ХҮН намын даргыг 4 жилийн хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна:

6.2.1. Намыг дотоод, гадаадад төлөөлөх,

6.2.2. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх саналыг намын Төлөөлөх зөвлөлийн хуралд оруулах,

6.2.3. Намын дүрэм, журам, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон намын Их хурал, намын Төлөөлөх зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор намын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг, даалгавар, чиглэл өгөх,

6.2.4. УИХ-ын сонгуульд нам олонх болсон тохиолдолд тухайн сонгуульд намыг удирдаж ялуулсан Намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Намын дарга Ерөнхий сайдын албан тушаалаас өөрөө татгалзсан тохиолдолд намын дарга санал оруулж Төлөөлөх зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгож тодруулна.

6.3. Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгжүүлнэ.

6.4. Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус бодлогын зөвлөл ажиллана. Зөвлөл нь намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан намын гишүүд болон намын даргын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд зэрэг төрийн дээд албан тушаал хашиж байсан туршлагатай хүмүүсээс бүрдэнэ.

7.1. Намын өдөр тутмын ажлыг эрхлэх чиг үүрэг бүхий намын гүйцэтгэх төв байгууллага нь Гүйцэтгэх зөвлөл бөгөөд тус зөвлөлийг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдана.

7.2. Гүйцэтгэх зөвлөл нь Ерөнхий нарийн бичгийн дарга болон 4 нарийн бичгийн даргаас бүрдэнэ. Нарийн бичгийн дарга нарыг Ерөнхий нарийн бичгийн даргын санал оруулснаар намын Төлөөлөх зөвлөлөөс томилно.

7.3. Намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааныг намын Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулах ба хуралдааныг даргална. Түүнийг эзгүйд Ерөнхий нарийн бичгийн даргын томилсон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн хуралдааныг удирдана.

7.4. Намын Гүйцэтгэх зөвлөл ажлаа намын Төлөөлөх зөвлөлд тайлагнана.

7.5. Намын Гүйцэтгэх зөвлөл дараах эрх, үүрэгтэй байна:

7.5.1. Намын анхан болон дунд шатны байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, чиглэл өгч ажиллах,

7.5.2. Намын гадаад харилцааг эрхлэх, гадаад орны улс төрийн намтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх,

7.5.3. Намын санхүү, аж ахуйг эрхэлж, жилийн төсөв батлах,

7.5.4. Намын аж ахуй, санхүүгийн байдлын талаар намын Төлөөлөх зөвлөлд тайлагнахын хамт намын Хариуцлагын ерөнхий хороонд жил бүр мэдээлж байх,

7.5.5. Намын дотоод болон бүх шатны төрийн сонгуульд нэр дэвших хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх,

7.5.6. Албан бичгийн хуудас, тамга, тэмдэг, гишүүний үнэмлэхийн загвар, хэрэглэх журмыг батлах,

7.5.7. Намын гишүүдийн сахилга, ёс зүйн байдлын талаар бүх шатны Хариуцлагын хорооны мэдээллийг хагас жил тутам сонсон намын холбогдох байгууллага, албан тушаалтанд зохих үүрэг даалгавар өгөх,

7.5.8. Намын Төлөөлөх зөвлөлөөс шилжүүлсэн, олгосон болон ногдуулсан бусад эрх, үүрэг.

7.6. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно.

7.7. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдсэн асуудлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга тушаал, шийдвэр гаргана.

7.8. Шаардлагатай тохиолдолд Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж болно.

7.9. Гүйцэтгэх зөвлөл нь намын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна.

7.10. Гүйцэтгэх зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг Гүйцэтгэх зөвлөл батална. Гүйцэтгэх зөвлөлийн ажлын албаны нэгжийн удирдлага, ажилтныг томилохдоо сонгон шалгаруулах зарчмыг баримталж, Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар томилж, чөлөөлнө.

7.11. Гүйцэтгэх зөвлөл нь газар, хэлтэст хуваагдсан зохион байгуулалттай байна.

7.12. Нам нь гишүүдийн насны бүлэг, жендэрийн асуудал хариуцсан нэгжүүдтэй байж болно.

8.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд нэр дэвших гишүүн нь Удирдах зөвлөлөөс баталсан намын дотоод сонгуулийн журамд заасан шалгуурыг хангасан байна.

8.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг Төлөөлөх зөвлөлийн хурлаар хэлэлцэн батална. Нэр дэвшигчдийг Төлөөлөх зөвлөлийн хуралд Намын дарга санал оруулж батлуулах бөгөөд намын хүний нөөцийн бодлогын хүрээнд нэр дэвшигчдийг Ерөнхий нарийн бичгийн даргатай зөвшилцөж тодруулна.

8.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг тухайн намын байгууллагын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн батална. Нэр дэвшигчдийг сум, дүүргийн намын хорооны дарга дээд шатны намын хорооны даргатай, нийслэл, аймгийн намын хорооны дарга намын Ерөнхий нарийн бичгийн даргатай тус тус зөвшилцөн тодруулж, холбогдох намын хорооны тэргүүлэгчдийн хуралд санал оруулан батлуулна.

9.1. Улсын Их Хурал (УИХ) болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-д сонгогдсон намын гишүүд Намын бүлэг (Бүлэг)-ийг байгуулна.

9.2. Бүлгийн гишүүд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж ажиллах үүрэгтэй бөгөөд УИХ дахь намын бүлгийн даргыг Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэл, аймгийн ИТХ дахь намын бүлгийн даргыг тухайн шатны намын хорооны дарга Ерөнхий нарийн бичгийн даргатай зөвшилцөж, Дүүргийн ИТХ дахь намын бүлгийн даргыг дүүргийн намын хорооны дарга нийслэлийн намын хорооны даргатай зөвшилцөж тус тус санал оруулж бүлгийн гишүүд сонгоно.

9.3. Бүлэг нь хууль, тогтоол, бусад шийдвэрт намын бодлого болон шийдвэрийг тусгах, тэдгээртэй холбогдсон асуудлаар намын нэгдсэн байр суурийг илэрхийлэх үүрэгтэй.

10.1. Намын хөрөнгө нь гишүүдийн татвар, хураамж, байгууллага болон хүмүүсээс өргөсөн хандив, төрөөс олгосон санхүүгийн дэмжлэг, гэрээсэлсэн зүйл, намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, намын өмчлөлд байгаа барилга байгууламж, эд юмс, намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны болон хуульд заасан бусад орлогоос бүрдэнэ.

10.2. Намын бүх шатны байгууллага хөрөнгө зарцуулалтын талаар жил бүр гишүүдэд мэдээлж байна.

10.3. Гишүүдийн татварын хэмжээ, татвар төлөх хугацааг намын Удирдах зөвлөлөөс тогтооно.

10.4. Намын сонгуульт албан тушаалтны хураамжийн хэмжээ, хураамж төлөх хугацааг намын Удирдах зөвлөлөөс тогтоох бөгөөд энэ нь түүний гишүүний татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.

10.5. Намын сонгуульт албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хураамжаа төлөөгүй нь намаас хариуцлага хүлээлгэх үндэс болно.

10.6. Намын байгууллагын орлого, зарцуулалтын талаар намын Хариуцлагын хороо хяналт тавьж ажиллана.

10.7. Хандивыг сайн дурын үндсэн дээр өгөх бөгөөд гишүүд дэмжигчдийн өргөсөн хандив нь намаас хариу нэхэх үндэслэл болохгүй.

10.8. Хандивын нэгдсэн тайланг гаргах, гишүүдэд мэдээлэх ажлыг Гүйцэтгэх зөвлөл зохион байгуулна.

11.1. Намын бүх шатны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хянан шалгаж, энэ талаар гишүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын төв байгууллага нь намын Хариуцлагын хороо байна.

11.2. Намын Хариуцлагын хороо нь санхүүгийн хяналт, үйл ажиллагааны хяналт, ёс зүйн хяналтын гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

11.3. Хариуцлагын хороо нь хариуцлагын ерөнхий хороо, нийслэлийн Хариуцлагын хороо, аймгийн Хариуцлагын хороо, дүүргийн Хариуцлагын хороо, сумын хариуцлагын төлөөлөгч, хорооны хариуцлагын төлөөлөгчөөс бүрдэнэ.

11.4. Намын хариуцлагын ерөнхий хороо нь намын Төлөөлөх зөвлөл, Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөлийн, нийслэлийн Хариуцлагын хороо нь нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн, аймгийн Хариуцлагын хороо нь тухайн аймгийн намын хорооны тэргүүлэгчдийн, дүүргийн Хариуцлагын хороо нь тухайн дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн, сумын хариуцлагын төлөөлөгч нь тухайн сумын намын үүрийн тэргүүлэгчдийн, хорооны хариуцлагын төлөөлөгч нь тухайн хорооны намын үүрийн тэргүүлэгчдийн шийдвэр, үйл ажиллагааг хянан шалгаж шийдвэр гаргана.

11.5. Хариуцлагын хорооны гишүүнээр намаас нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон төрийн улс төрийн албан хаагч, намын байгууллагын удирдах албан тушаалтан, намын ажлын албаны ажилтнууд, намаас санхүүгийн хувьд хамааралтай гишүүн, намын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн гишүүн ажиллахыг хориглоно.

11.6. Хариуцлагын ерөнхий хороог 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр намын Их Хурлаас, нийслэл, аймаг, дүүргийн Хариуцлагын хороог тус бүр 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Төлөөлөх зөвлөлөөс сумын хариуцлагын төлөөлөгчийг аймгийн намын хорооны тэргүүлэгчдийн хурлаас, хорооны хариуцлагын төлөөлөгчийг дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн хурлаас өөрсдийн бүрэн эрхийн хугацаанд сонгон байгуулж болно. Тухайн шатны Хариуцлагын хороог байгуулаагүй, төлөөлөгчийг сонгоогүй бол харъяалах дээд шатны Хариуцлагын хороо нь энэхүү дүрэмд заагдсан намын Хариуцлагын хорооны чиг үүргийг хэрэгжүүлнэ.

11.7. Хариуцлагын хороо нь дээд шатны Хариуцлагын хороодын удирдлага дор ажиллана.

11.8. Намын хариуцлагын ерөнхий хороо нь намын дүрмийг тайлбарлах, хэрэглэхтэй холбогдон үүссэн эсвэл намын дотоод сонгуультай холбогдон үүссэн маргааныг хянан хэлэлцэж, мэргэжлийн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий 3 гишүүний бүрэлдэхүүнтэй маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийг байгуулан ажиллуулж болно.

12.1. Нам өөр намтай нэгдэх, нийлэх, өөрчлөн байгуулагдаж болох ба энэ асуудлыг Их хурлаар шийднэ.

12.2. Нам зорилгоо биелүүлсэн гэж үзвэл татан буугдах ба татан буугдах үйл ажиллагааг холбогдох хуулийн дагуу гүйцэтгэнэ.

12.3. Нам үйл ажиллагаагаа намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын 5 өдөрт багтаан Улсын Дээд Шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ.