ХҮН НАМын дарга, УИХ-ын гишүүн Тогмидын ДОРЖХАНДЫН Төлөөлөх зөвлөлийн хурлын илтгэлийг бүрэн эхээр хүргэж байна.
ХҮН Намын Төлөөлөх зөвлөлийн эрхэм гишүүд ээ,
Эрхэм нэр дэвшигчид ээ,
Салбар бүрийн мэргэжилтнүүд ээ,
Бид өнөөдөр Монголын сүүлийн 30 гаруй жилийн түүхийн шинэ эргэлтийн цэг дээр хуралдаж байна.
Бидний болон ХҮН Намын түүхэнд ч ховорхон тохиолдох цаг үедээ хуралдаж байна. ХҮН НАМ УИХ-ын сонгуульд АНХ УДАА ДАНГААРАА орох хариуцлагатай мөч ирээд байна.
Хүндрэл бэрхшээлтэй үе улс оронд, манай намд байсанч бид УИХ-д цор ганц суудалтай намаас олон түмний дэмжлэгтэй, аймаг орон нутгуудад салбартай, улстөрийн том нам болж өргөжиж чадлаа. Өнөөдөр УИХ-ын сонгуульд бүтэн нэр дэвшүүлж, Хорьдугаар зууны эрх баригч намуудтай эн зэрэгцэж өрсөлдөхүйц эрийн цээнд хүрсэн Хориннэгдүгээр зууны орчин үеийн нам болж чадлаа
Нэг зүйлийг тодорхой хэлье. Монгол Улсад Ардчилал гажуудсаныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гажуудлыг үүсгэж буй гол хүчин зүйл нь сүүлийн 30 жилд тогтсон Хоёр намын тогтолцоо юм.
Хоёр нам нийгмийн туйлшралыг өдөөж, популизмыг сонгуулиас сонгуульд өөгшүүлсээр ирлээ. МАНай тАНай нам ялах нь чухал гэж халамж амлан, гоё нэртэй хөтөлбөрүүдээр уралдан сонгуульд ордог нь уламжлал болж золиос нь Монголын эдийн засаг, Монгол иргэд, бүр тодорхой хэлбэл амьдрал хөөж гадагшаа явахыг зорьсон, ирээдүйдээ итгэлгүй Монгол залуус болоод байна.
Төрийн эрхэнд гарахаараа Харилцан хяналттай байхыг умартаж хамтарч хулгай хийн, хариуцлагаас мултардаг нь соёл болж тогтлоо. Үүнээс илүүтэй хохирол нь Монголд эрүүл саруул үзэл оршин байх бололцоог хааж нийгмийг бүхэлд нь цөхрөл, гутрал руу чирлээ.
Харин ХҮН НАМ энэ хүндрэл бэрхшээлийг сөрж, өөрчлөлт хийх улс төрийн шинэ хүчин байх болно.
Бид олон намын тогтолцоотой Парламентын засаглалыг үнэт зүйл гэж тодорхойлжбайна.
Олон үзэл бодол, олон талын сонирхлын нэгдэлд Монголын хүч чадал оршин байх ёстой юм. Тэртусмаа хоёр том хөрш орнуудын дунд оршин байгаа Монгол Улсын хувь заяа ийм байхыг шаардаж байна.
Олон намын ардчиллын давуу тал нь бодлого уян хатан байх, цаг үедээ зохицон өсөн дэвжих бололцоог үргэлж бий болгодог.
Гэхдээ нэг юмыг санаж явах хэрэгтэй. Ардчилал өөрөө өөрийгөө тэжээдэг тогтолцоо биш. Үргэлж тордох хэрэгтэй. Ингэхийн тулд хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Оролцоо нь зөвхөн сонгуулийн санал өгөлтөөр хязгаарлагдаж болохгүй. Ард иргэд үнэн мэдээллээр хангагдсан байх, улс орны удирдагчид алдаа гаргавал хариуцлагаа үүрдэг байх учиртай.
Бид нэг сургамжийг түүхээсээ ойлгож авлаа. Нэг нам дарангуйлал руу шууд хөтөлдөг. Хоёр нам автократ дэглэм рүү аажуухан хөтөлдөг ажээ. Энэ хандлагыг Монголд зогсоох цор ганц улс төрийн хүчин бол ХҮН Нам юм.
Ардчилал бол төгс бишээ. Ардчилал нь зөвхөн сонгуульд санал өгөх эрх биш. Сонгогчид олон намаар дамжиж улстөрийн гэгээрэлд хүрч ухаалаг сонголт хийх чадвартай, төрийн хэрэгт өөрийн оролцоогоо бий болгож байх ёстой юм.
УИХ-д суудалтай, НИТХ-д бүлэгтэй ХҮН НАМ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, олон намын тогтолцоог бий болгох улс төрийн намыг төлөвшүүлэх тогтолцооны өөрчлөлтийг манлайлж ирсэн.
Авлига, хулгайг илчилж, таслан зогсоох чиглэлд хүчтэй дуу хоолой болж, шүгэл үлээж ажиллалаа.
ХҮН Намын төлөөлөх зөвлөлийн гишүүдээсээ асууя.
Хөгжлийн банкны хулгайн асуудлыг хөндсөн нь аль нам бэ?
Нүүрсний хулгайн асуудлыг хөндсөн нь аль нам бэ?
“Цавчаа ногоон”-ы хулгайг илчилж, хотын дарга, хариуцсан сайд нарт улс төрийн хариуцлага хүлээлгэсэн нь аль нам бэ?
Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 10 гаруй жил ХҮН НАМ мятаршгүй, тууштай, тасралтгүй улс төр хийсний үр дүнд ӨНӨӨДӨР Монгол Улсын Их хурлын сонгуульд салбар бүрийн мэргэжилтэн, мэдлэг боловсролтой, эрч хүчтэй, иргэддээ итгэл найдвар өгөх өөдрөг залуусаас бүрдсэн 126 нэр дэвшигчтэй БҮТЭН БАГАА бүрдүүлж чадлаа.
Бид цөөхүүлээ биш. Түүний нотолгоо нь ХҮН нам бүтэн нэр
дэвшүүлэлт хийх чадвартайгаа харуулсан олон түмний дэмжлэг авсан улстөрийн хүчтэй инстүүц, Том нам юм.
Битгий эргэлз. Оюунлаг цөөнх бүх дэлхийг ч өөрчилж чадна гэсэн
нэгэн ухаантны хэлсэн үг байдаг
Нэр дэвшигчид Та бүхэн ХҮН Намаас улс төрийг хийх тэргүүн эгнээнд
томилогдож байгаа шилдгүүд бөгөөд олон хүний итгэл найдварыг тээгчид юм.
Та бүгд Сонгогч бүртэй нүүр тулж тэдний зовлон жаргалыг
хуваалцаж шийдэл олж Сонгогч бүрийн зүрхэнд хүрэх элч
төлөөлөгчид юм.
Иргэд худал хулгайд холбогдоогүй, мэдлэгтэй, туршлагатай идэр үе, мэргэжилтэн залуусыг дэмжихээ илэрхийлж байна.
ХҮН намын мэргэжилтнүүдээ, хамтдаа иргэдийнхээ нүдэнд итгэлийн галыг асааж, залуусдаа боломж олгон төрийнхөө ачааг нэр төртэй үүрцгээе.
Хамтдаа өөрчилье!
Хамтдаа түүх бүтээе!
Цаг нь болсон!