“Ерөнхийлөгчөө захиалъя” хөдөлгөөн 45 хоногийн хугацаанд үргэлжилж, 20 мянган иргэд саналаа өгсөн. Нийслэлийн бүх дүүрэг, 21 аймаг болоод гадаад оронд оршин суугаа монголчууд маш идэвхтэй саналаа өгсөн. Нийтдээ 140 орчим хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхийг санал болгосон. Зарим санал өгч байгаа хүмүүс өөрсдийгөө ч санал болгож байлаа. Энэ дундаас зарчмаа баримтлан таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан юм.
Санал тавьсан эрхмүүд маш эерэгээр хүлээн авч гурав нь зөвшөөрсөн хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд төлөөлөн удирдах зөвлөл 100 хувийн ирцтэйгээр хуралдаад гурван хүн дээр нууц санал хураалт явуулсан. 66.7 хувийн саналаар Д.Энхбат нэр дэвшихээр баталгаажсан. "Датакомын" Д.Энхбат 1990 онд интернэтийг Монголд анх оруулж ирж танилцуулсан хүн. ХҮН намын зүгээс нэр дэвшигчдэд эрдэм мэдлэгтэй, хийсэн ажилтай, хар мөргүй хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан. Монголчуудыг төлөөлж, оюун санааны удирдагч байж, дэлхийн зах зээлд монголчуудыг төлөөлөх хамгийн сайн дипломатч, нэгтгэгч байна гэсэн итгэлээр шийдвэрээ гаргасан.
-ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх тухай хэд хэдэн хувилбар яригдаж байсан. Давчуу хугацаанд нэр дэвшигчээ тодруулж, уралдаанд оролцлоо гэж харагдлаа. Д.Энхбатыг нэр дэвшүүлэх болсон шалтгаан нь юу вэ?
-Юуны өмнө өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ бидэнтэй нэгдэн саналаа өгсөн 247 мянган сонгогчиддоо баярлалаа. Энэ жилийн сонгуулийг ХҮН их онцлогтой болгосон. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 гаруй мянган хүн сонголтгүй сонгуулийг эсэргүүцэн цагаан хуудас уншуулж байсан. Харин бид 2021 оны сонгуулийг сонголттой байлгах зорилт тавьж, өнгөрсөн хоёрдугаар сараас “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг орон даяар эхлүүлсэн. Бүх аймаг, сум болон гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаас саналаа ирүүлж хамгийн өндөр санал авсан 10 орчим хүнтэй уулзаж эвслийнхээ төлөөлөх зөвлөлөөр Д.Энхбат гуайг сонгож нэр дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай нэр дэвшигч нэг намын шийдвэрээр биш, олон мянган энгийн иргэний захиалгыг хүлээн авч нэр дэвшсэн гэдгийг тодотгож хэлмээр байна. Мөн түүнд сонголт байсан ч Монголын улс төрд шинэ жишиг тогтоож, цаашид сонгогчид эерэг нөлөө үзүүлэхийн тулд хийх ёстойгоо нэр төртэйгөөр хийсэн. Нөгөө талаас манай нам, эвсэл ард түмнийхээ захиалсан Ерөнхийлөгчийг хэнээс ч хараат бусаар сонгож, нэр дэвшүүлж сонголтыг олгож чадсан.
Цаашид ч бид үнэт зүйл зарчмаа барьж энэ жишгээр бүх шатны сонгуульд оролцож намын төлөө бус нийт монголчуудынхаа төлөө зүтгэх нэр цэвэр, боловсролтой, сэтгэлтэй зөв хүмүүсийг нэр дэвшүүлэх болно.
-Та бүхэн Ерөнхийлөгчийн сонгуулиар авсан саналаа харьцуулж үзэхэд ямар дүгнэлт гарч байна вэ. Залуусын ирц, санал дээр ямархуу дүгнэлттэй байна?
-Манай нэр дэвшигч Д.Энхбат Хан-Уул дүүргийн зарим хороо, хэсэг дээр ялалт байгуулсан. Гадаадад байгаа монголчуудаас 75 хувийн санал авсан. Мөн олон зуун залуучууд, дэмжигчид манай сонгуульд сайн дураараа үнэ төлбөргүй тусалж ажилласан. Энэ бол эрүүл нийгэм, эерэг өөрчлөлт шинэчлэлийг хүсэж байгаа маш том хүчийг харуулж байна. Бид үүнийг л хүсч ХҮН намыг байгуулж бодлого, үнэт зүйл, зарчмаараа өрсөлддөг эрүүл улс төрийг бий болгохыг хичээж байна. Нөгөөтэйгүүр, энэ удаагийн сонгуулийн ирц 58 хувьтай буюу Ерөнхийлөгчийн сонгуулиудын түүхэнд хамгийн бага ирцтэй сонгууль болсон. Өөрөөр хэлбэл, сонгуульд санал өгөөгүй үлдсэн 40 гаруй хувийн өмнөөс саналаа өгсөн нөгөө хэсэг нь улс орны хувь заяаг шийдэж байна гэсэн үг. Үүнд залуучуудын сонгуулийн ирц хамгийн бага байсан. Тухайлбал, 18-30 насны сонгогчдын ирц 46 орчим хувьтай байхад 50-иас дээш насны сонгогчдын ирц 70 гариу хувьтай байх жишээтэй. Энэ мэдээж МАН-ын нэр дэвшигчид маш том давуу талыг олгосон.
Залуучууд сошиал дээр биднийг чин сэтгэлээсээ маш их дэмжсэн. Одоо цаашаа нэг алхаад сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхөд л их том эерэг өөрчлөлтийг тэд хийж чадна. Ард түмэн шинэчлэл, эерэг, эрүүл өөрчлөлтийг хүсч байна. Энэ нь сүүлийн сонгуулиудаас тодорхой харагдах болсон.
Мөн өнгөрсөн хугацаанд улс төрд цэвэр, боловсролтой, зөв хүмүүс орох боломж, бололцоо бага болсон байсан. Зарим намууд нэр дэвшигчиддээ мөнгөний өндөр босго, дэнчин тавьж нэр дэвшүүлдэг. Намынхаа даргын сунгаанд хүртэл өндөр дэнчин тавьж байна. Харин манай нам үүний эсрэг байж улс төр дэх мөнгөний нөлөөллийг багасгаж цэвэр, боловсролтой, зөв хүмүүс нэр дэвших боломжийг бий болгож байгаа. Тийм ч учраас бид сүүлийн нэг жилийн хугацаанд гурав дахь сонгуульдаа амжилттай оролцож боловсролтой, чадалтай, зөв залуусыг нэр дэвшүүлж УИХ-д нэг, нийслэлд гурав, дүүрэгт 12 төлөөлөлтэй болсон.
-Нэр дэвшигчид мэтгэлцэх нь сонгогчийн мэдээлэл авах, харьцуулалт хийх, үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг бүрэн, тэгш хангах нэг чухал хөшүүрэг байдаг. Гэвч ганц ч мэтгэлцээн болсонгүй?
-Бидний зүгээс ковидын тархалт буураагүй хүнд үед төсөв мөнгөө ч хэмнээд аль болох бага зардлаар олон самбар, хэвлэл материалаар уралдахгүйгээр цахим хэлбэрээр улс орон, иргэддээ эрсдэл багатай сонгууль явуулахыг уриалсан. Нөгөө талдаа иргэд, сонгогчдын үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг бүрэн дүүрэн, тэгш хангахын тулд сонгуулийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь нэр дэвшигч нарын хооронд бодлого мөрийн хөтөлбөрийн мэтгэлцээн явуулах байдаг. Тиймээс Хөдөлмөрийн үндэсний нам, “Зөв хүн электорат” эвслээс сонгуулийн хугацаанд таван удаагийн мэтгэлцээн хийх уриалгыг МАН, АН-д гаргаж хүргүүлсэн. Гэвч сурталчилгааны сүүлийн өдөр болох энэ сарын 7-нд нэг мэтгэлцээн хийхээр тохирсон ч МАН-ын нэр дэвшигчийн тавьсан шаардлагаас хамаарч харамсалтай нь мэтгэлцээн явах боломжгүй болсон. Мэтгэлцээнгүй сонгууль гэдэг бол нэр дэвшигчдийн мэдлэг чадвар, бодлого мөрийн хөтөлбөрийг харьцуулж чадахгүй дутуу мэдээлэлтэй сонголт хийлгэж байна гэсэн үг. Цаашид улс төрийн сонгуульд мэтгэлцээнийг заавал жишиг болгож хэрэгжүүлэх хэрэгтэй.Үүн дээр Хөдөлмөрийн үндэсний нам тууштай ажиллах болно. Ингэж байж иргэд сонгогчид зөв, харамсахгүй сонголт хийдэг болно. Мөн манай эвсэл, нэр дэвшигч хамгийн бага зардлаар сонгуулиа хийсэн, ингэж байж улс төр дэх мөнгөний нөлөөлөл багасаж эрүүлжинэ.
-Ардчилсан намаас төсвийн мөнгөөр төрийн сонгуулийг худалдаж авсан, МАН-д баяр хүргэх болоогүй гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн. Танай нам сонгуулийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Сонгуулийн үр дүнгийн хувьд МАН-д дараах гурван хүчин зүйл голлон нөлөөлсөн. Нэгдүгээрт, ирц муу байсан. Хоёрдугаарт, ковидын үед халамжийн бодлого явуулж өөртөө давуу талыг бий болгосон. Гуравдугаарт, эрх барьж байгаа намын хувьд төрийн бүх шатны байгууллагууд дэмжиж ажилласан. Цаашлаад МАХН-ыг татан буулгаж гишүүд, дэмжигчдийн саналыг шууд нэгтгэж авсан зэргээс өөр онц гойд зүйл байгаагүй. Энэ бол манай улсын улс төрийн өнөөгийн төрх, бодит байдал юм. Ардчилсан намын хувьд байгаа нөхцөл байдлыг нь үнэлж гишүүд, дэмжигчид нь дүнгээ тавьсан. Нөгөөтэйгүүр, манай намыг ардчиллыг хамгаалагч улс төрийн хүчин гэдгийг иргэд сонгогчид мэдэрч биднийг дэмжиж 247 мянган сонгогч саналаа өгсөн. Эцэст нь сонгууль болж, үр дүн нэгэнт гарсан учраас нийт сонгуульд оролцож саналаа өгсөн иргэдийнхээ сонголтыг хүндэтгээд зөвийг нь дэмжиж, бурууг нь хянаж шаардаж ажиллах болно.
-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд бүгд нэг намын талд гарлаа. Хяналтын тогтолцоо алдагдлаа гэж ярьж байна. Гэвч яах аргагүй энэ бол өнөөгийн сонгуулийн тогтолцоогоор бий болсон үр дүн, сонголт. Цаашдын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс ардчилсан хэдий ч улс төрийн тогтолцоо, орчин ардчилсан улсуудын жишгээр явахгүй байгааг бүгд мэдэж байна. Эндээс бид улс төрийн орчинд шинэчлэл хийх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, төр, засаг дахь хяналтын тогтолцоо алдагдаж, нэг намын тогтол-цоотой болж байна гэсэн шүүмжлэлийг иргэд ихээхэн ярих болсон. Энэ бол яах аргагүй сонгуулийн системээс үүдэлтэй бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх барьж байсан намууд улс орныхоо хөгжлөөс илүү зөвхөн намаа ялуулах, өөрт ашигтай байх сонгуулийн системийг сонгож явж ирсэнтэй холбоотой. Манай улсад хэрэглэж байгаа сонгуулийн системийг дэлхийн 10 ч хүрэхгүй улс л хэрэглэдэг. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг харахад МАН-д нийт сонгогчийн 45 орчим хувийн санал авсан хэдий ч УИХ дахь 62 суудал буюу 82 хувийг нь авсан. Энэ нь уг сонгуулийн системээр авсан санал, суудлын тоо бараг хоёр дахин их гарч таны санал тэр хэмжээгээр гээгдэж, хаягдаж байгааг харж болно.
Хоёрдугаарт, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод, нээлттэй иргэдийн хяналттай болгох хэрэгтэй. Хяналт байхгүйгээс иргэдийн саналыг худалдаж авдаг мөнгөний сонгууль явагддаг болсон. Аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэдээ татварын байгууллага нь хянадаг, шалгадаг, торгодог шигээ төрийн аудитын байгууллага нь улс төрийн намуудыг санхүүжилтийг ил тод, нээлттэй болгож хянах дээр онцгой анхаарах цаг нь болсон. Хамгийн өндөр хяналттай байх ёстой улс төрийн институци нь хамгийн хяналт муутай байна. Манай намын зүгээс улс төрийн намын санхүүжилтийг ил тод, хяналттай болгох тал дээр уриалж, шилэн нам байх зарчмыг хэрэгжүүлж санхүүгийн мэдээллээ ил тод нээлттэй зарлаж байгаа. УИХ, Ерөнхийлөгч, засаг бүх эрх мэдлийг авсан энэ үед МАН-д намынхаа ялалт эрх ашгаас улс орныхоо хөгжлийг дээгүүр тавьж улс төрийн манлайлал үзүүлж сонгуулийн тогтолцоог пропорционал элемент оруулж холимог тогтолцоотой болгох бүрэн боломж байна.
Мөн технологийн хөгжлийн эрин үед бид блокчейн технологийг ашиглаж цахимаар санал өгөх боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатайг харж байгаа. Тухайлбал,гадаад байгаа 200 гаруй мянган монголчуудын маань 5000 нь саналаа өгөх боломжтой байна. Тухайн улсынхаа Элчин сайдын яам, консул байгаа газар очиж бичгээр саналаа өгөхийн тулд 1000 км туулж цаг, мөнгөө үрж байна. Технологийн шийдэл нь бэлэн байгаа ийм үед саналаа цахимаар өгөх боломжийг бий болгосноор асар их зардал төсөв, иргэдийн цагийг хэмнэсэн зөв шийдвэр болно.
-Танай нам өнгөрсөн 30 жил төр барьсан хоёр том намтай өрсөлдөж 20 гаруй хувийн санал авлаа. Ардчилсан намын нэр дэвшигчээс бараг дөрөв дахин их санал авсан нь хүН сөрөг хүчний орон зайг эзэлж эхлэв үү гэх яриа гаргах болсон. Энэ тухайд?
-ХҮН нам Улаанбаатар хотын зарим хороо, хэсэг дээр ялалт байгуулж, УБ хотод 30 гаруй хувийн санал, улсын хэмжээнд 20 хувийн санал авсан. Гадаадад байгаа монголчуудаас 75 хувийн санал авсан. Үүнээс гадна олон зуун залуучууд, дэмжигчид манай сонгуульд сайн дураараа үнэ төлбөргүй тусалж ажилласан. Энэ бол эрүүл нийгэм, эерэг өөрчлөлт шинэчлэлийг хүсч байгаа маш том хүчийг харуулж байна.Сонгуулийн үр дүн ХҮН-ыг сөрөг хүчин болсныг харууллаа. Эцэст нь биднийг дэмжиж саналаа өгсөн 247 мянган гишүүд дэмжигчид, сайн дураар ажилласан олон зуун залуучууд, хандив туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ дахин баярлалаа.Манай нам цаашид үнэт зүйл, зарчмаа барьж санаачилгатай, тууштай, хариуцлагатайгаар шинэ цагийн улс төрийн үйл ажиллагаа явуулах болно.
Ярилцсан: Сэтгүүлч Г.Батзориг (dnn.mn)