Таны АМЬДРАЛЫН ЧАНАРТ ШУУД НӨЛӨӨЛӨХҮЙЦ БОДИТ ӨӨРЧЛӨЛТИЙГ УДИРДАХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨР

Хот суурин газруудын хурдацтай өсөлт 21-р зууны томоохон сорилтуудын нэг болоод буй нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ч хамааралтай билээ. Нийслэлийн хэтийн хөгжилд саад болж буй өнөөгийн тулгамдсан олон асуудлуудаас зугтаах бус нүүр тулан зоримог шинэчлэхийн тулд бодлого, төлөвлөлтдөө орчин үеийн хот төлөвлөлтийн онол, шинжлэх ухаан, технологийн болон дизайны ололтуудыг нэвтрүүлэн дэлхийн хотуудтай мөр зэрэгцэн алхах цаг нь болсон.

Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн суурь асуудлуудыг цогц бодлогоор, манлайллаар удирдахын сацуу дан ганц бүтээн байгуулалт, хотын дэд бүтцэд хөрөнгө оруулах бус иргэдийнхээ сэтгэл, мэдрэмж, бүтээлч санаачлага, соёл, гоо зүйд хөрөнгө оруулах, хүнээ хөгжүүлэхийг гээгдүүлэлгүй тусгахыг ХҮН нам зорьсон болно. Улаанбаатар хот цаашид эдийн засгийн цар хүрээгээ тэлж, бүтээмжээ нэмэгдүүлэн, шинэ санаа, шийдэл зоригтой туршин иргэдийн оролцоотойгоор хөгжих бүрэн боломжтой. Тийм ч учраас бид аливаа арга хэмжээг төлөвлөхдөө ХҮН төвтэй байхыг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллав.

Хотын менежментийг иж бүрэн шинэчилж хот төлөвлөлтийн техникийн болон бодлогын зөрүүг арилгах нь тийм ч хурдан шийдэх асуудал биш боловч дахин хойш тавьж халшрах ажил биш юм. Тийм ч учраас өсөн нэмэгдэж буй хотын иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахын сацуу хотын шийдвэр гаргалтуудыг шинэ өнцгөөр тодорхой зарчмуудад тулгуурлан боловсрууллаа. Бүхэлд нь авч харвал хөтөлбөр нь дараах 4 тулгуур зарчмыг баримталсан.

Үүнд:
1) Хотын оршин суугч бүрийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн
2) Залуусын орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн байх
3) Өндөр настнуудын идэвхтэй амьдралын хэв маяг, орчныг бий болгох
4) Ухаалаг, инновацлаг, шинэчлэгч шинж чанартай байх зэрэг болно.

Дээрх дөрвөн зарчимд тулгуурлан нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын арга
хэмжээг дараах 5 бүлэгт орууллаа.

Үүнд:
1. Хот Эдийн засгийн боломжийн үүр
2. Хот-Амьдралын чанарыг дээшлүүлэх хөшүүрэг
3. Хот-Нэгдсэн төлөвлөлтөөр хөгжих орон зай
4. Хот-Зорчилт хөдөлгөний ухаалаг зохицуулалт
5. Хот-Амьдрахад таатай орон зай зэрэг болно.

Тус хөтөлбөрийг ХҮН намын Бодлого судалгааны хүрээлэнгийн Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүд голлох үүрэгтэй боловсруулсан бөгөөд салбар салбарын мэргэжилтнүүдийн семинар, уулзалт, хамтарсан сургалтын агуулгуудаар баяжуулав.

I. ХОТ-ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИЙН ҮҮР

Бизнесийн тэгш боломж, шударга өрсөлдөөний орчныг бий болгож, эдийн засгийн
хөгжлийг хурдасгах бодлого хэрэгжүүлнэ.

• Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийг тэргүүлэх ач
холбогдолтой төслүүдэд зарцуулах, үр ашгийг дээшлүүлэх оновчтой бодлого явуулна.

• Нийслэлийн төсвийн санхүүжилт, бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ил тод, нээлттэй, үр ашигтай явуулахад онцгой анхаарна.

• Эдийн засаг, бизнест хэт дарамт учруулахгүй, энгийн ойлгомжтой, үр нөлөө бүхий,
шударга орон нутгийн татварыг тогтооно. Бизнесийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг
дэмжин ажиллана.

• Мэдлэг, инновацийг шингээсэн эдийн засгийн ач холбогдолтой бизнесийн төслүүдийг дэмжинэ. ЖДҮ-ийг дэмжих, гарааны бизнесүүдийг бойжуулах инкубаторуудыг байгуулах, өртөг багатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

• Хотын иргэдийн хүнсний хангамжийн найдвартай, тогтвортой эх үүсвэрийг бий
болгох, өрсөлдөх чадварыг дэмжих, нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох
бодлого хэрэгжүүлнэ.

• Бүх насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн хууль тогтоомжийг Нийслэл, дүүргийн хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд сургагч, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг холбоодыг хөгжүүлэх замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

• Хоол үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, түгээлт, бэлтгэн нийлүүлэлтийн үйлчилгээний хотын хэмжээнд мөрдөгдөх стандартыг хангуулж ажиллана.

• Хотын эрүүл, аюулгүй орчинг бий болгох, гэр хороололд хувийн орон сууц барих,
тохижуулах, амьдрах нөхцлийг сайжруулах хүрээнд ногоон санхүүжилтийг дэмжиж,
ногоон банк, ногоон сан зэрэг санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон бонд, эрчим хүчний бонд зэрэг санхүүгийн шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлнэ.

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш оролцох орчин нөхцлийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлж ногоон ажлын байр нэмэгдүүлнэ.

II. ХОТ-АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨШҮҮРЭГ

Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг цогцоор нь сайжруулж шинэ түвшинд хүргэнэ.

• Хотын хөгжлийн олон улсын жишиг үнэлгээний аргачлалаар хотын онцлогт
тулгуурлан амьдралын чанарын суурь түвшинг тодорхойлж, түүнийг дээшлүүлэх
бодлого стратегийг боловсруулж хэрэгжүүлнэ.

• Нийслэл, дүүргийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэн, хяналт тавих
тогтолцоог бүрдүүлж, төрийн албан хаагчдын ажлын үнэлгээг үр дүнтэй уялдуулан
тооцож хэвшүүлнэ.

• Нийслэл Улаанбаатар хотын дүүрэг тус бүрд хүний хөдөлгөөн, урсгалыг зөв төлөвлөж, худалдаа үйлчилгээний цогц төвүүдийг хөгжүүлэн, бизнес цэцэглэх орон зайг бүрдүүлнэ.

• Өндөр настнуудад зориулан коммюнити төвүүд байгуулан шинэ ур чадварт сургах
мэдээлэл хөгжлийн төв байгуулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх,
нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох орчныг бүрдүүлнэ.

• Амьдрах орчинд хортой хүнд элемент, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисуудын хэрэглээ бүхий үйлдвэрүүдийн аюулгүй байдлын стандартыг шинээр бий болгож, хяналтыг чангатган үе шаттайгаар хотоос нүүлгэх арга хэмжээ авна.

• Нийтийн эзэмшлийн газрыг нэн тэргүүнд цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, амралт зугаалгын ногоон байгууламжаар тохижуулан, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлж ажиллана.

• Төрийн үйлчилгээг цахимжуулж, ил тод нээлттэй болгож, хүнээс хамаарах хамаарлыг багасгаж, хүнд суртлыг бууруулах замаар агентлагуудын тоог бууруулж нийслэлийн төсвийн хэмнэлтийг бий болгож, цомхон бүтцийн зарчмыг хэрэгжүүлнэ.

• Нягтаршилт хэтэрсэн орон сууцны хороололд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаагаас бусад тохиолдолд ногоон байгууламж, тоглоомын талбай, амралт зугаалга, автомашины зогсоолоос өөр төрлийн барилга байгууламжийг шинээр барихыг архитектур, төлөвлөлтийн даалгавар олгохыг хориглох зохицуулалтыг бий болгоно.

• Цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх тогтолцоог, ард иргэдийн амь нас, өмч хөрөнгөд учрах эрсдэл, үүсэж болзошгүй хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлдэг цогц системийн хамт хөгжүүлнэ.

• Хот суурин газрын байгалийн болон нийгэм-эдийн засгийн эрсдэлийн иж бүрэн
үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авч ажиллана.

• Хүн амын эрүүл мэнд, халдварт өвчний үед авах арга хэмжээний цогц төлөвлөгөө
боловсруулан, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

• Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг хурдан шуурхай болгож, шугам сүлжээний үр ашгийг сайжруулна.

• Эрчим хүчний хэмнэлттэй нийтийн болон амины орон сууцанд олгох ипотекийн
хөнгөлөлттэй хүүтэй зээлийн санхүүжилтийг дэмжинэ.

• Сайжруулсан түлшийг үе шаттай хэрэглээнээс татаж, хүрээлэн буй орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэр эх үүсвэрээр солих ажлыг үе шаттай хийнэ.

• Дүүрэг бүрт нарийвчилсан судалгаа хийж сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн
үйлчилгээний хүртээмжийг хэтийн эрэлт, өсөлттэй нь холбон цогцоор нь төлөвлөн
хэрэгжилтийг удирдана.

III. ХОТ-НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ХӨГЖИХ ОРОН ЗАЙ

Төрөөс хэрэгжүүлэх орон сууцжуулах хөтөлбөрийн тэгш бус байдлыг арилгаж,
шаардлага хангасан иргэн бүр ипотекийн зээл авах, түрээслэн өмчлөх боломжийг
бүрдүүлж, тогтвортой дэд бүтцийг бий болгох олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ.

• Хотын хүн амын нягтаршилд үндэслэн газар зохион байгуулалтыг төлөвлөн
хэрэгжүүлнэ.

• Компакт хотын дэд бүтцийн мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
гаргаж, түүнийг санхүүжүүлэх гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалт болон бусад төрлийн санхүүжилтыг дэмжин ажиллана.

• Cуперблок төлөвлөлтөөр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Үүнийг
эхний удаад хотын 10 байршилд хэрэгжүүлнэ.

• Хотын дэд бүтцийг гамшгийн эрсдэлээс хамгаалах аргачлал, стандарт нормыг
шинэчилнэ, эрсдлээс хамгаалах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

• Гэр хорооллын газраа хамтарсан төлөвлөлтөөр дахин төлөвлөж, холимог зориулалттай барилга байгууламж барьж, газрын эзэд борлуулалтаас ашиг хүртэх боломжийг бий болгоно.

• Бага орлоготой иргэдэд зориулсан амины орон сууцны түрээс-ажлын байр хосолсон хөтөлбөр хэрэгжүүлнэ.

• Хороо бүрт стандартыг хангасан биеийн тамирын талбай, спортын талбайг байгуулна.

• Гэр хорооллын дахин төлөвлөлт болон бусад нийгмийн шилжилт хөдөлгөөний улмаас түр суурьших шаардлага тулгарсан, шаардлагатай бүлэгт зориулан дамжин өнгөрөх түрээсийн байр ашиглалтад оруулна.

• Орон сууцны хороолол, хотхонуудын авто зам, явган хүний замын нэвтрэх гарцыг
нэмэгдүүлж, шаардлагагүй хашаа, хашалтыг буулгаж ногоон зурвасыг нэмэгдүүлнэ.

• Хотын иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх шийдвэрийг гаргахдаа
судалгаа, баримтад үндэслэн урьдчилан танилцуулахаас гадна эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэдэд сонсох ажиллагаа явуулах, сонсох зарчмыг баримтлах, мөн олон талын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үе шаттай хэрэгжүүлдэг жишиг тогтооно.

• Гэр хорооллын цахилгаан, дулаан, цэвэр бохир усны эх үүсвэрийг бие даасан, олон төрлийн эх үүсвэрээс холимог байдлаар бүрдүүлнэ.

• Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 10,000 айл өрхийн
цахилгаан болон дулаан хангамжийг нарны эрчим хүчээр хангах төслийг хувийн
хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлого баримтална.

• Гэр хороолол, орон сууцны байшингуудын дулаан алдагдлыг хэмжих, дулаалах,
ашиглалтыг сайжруулах чиглэлээр улсын хэмжээнд аян өрнүүлж, тооцоо судалгаанд үндэслэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд гэр хороололд дулааны алдагдалгүй сууц барих, хуучин орон сууцыг дулаалах, ашиглалтыг сайжруулахад зориулан хөнгөлөлттэй зээл, олон улсын ногоон санхүүгийн эх үүсвэрийг ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

• Хүн амын цэвэр усны хангамж, ариутгах татуурга, усны чанарыг сайжруулах, цэвэр усны шинэ эх үүсвэрийг ашиглалтанд оруулж, цэвэр усны сан бүхий газар зүйн байршлын гадаргын болон хөрсийг цэвэр байлгах орчныг хамгаалахад олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг түлхүү ашиглана.

• Нийслэлд хаягдал усыг цэвэршүүлэх, саарал ус ашиглах, хурын усыг хуримтлуулах гэх мэт усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хүрээлэн буй орчинд ээлтэй зохистой хэрэглээнд усны төлбөрийг хөнгөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.

• Дүүргүүдэд бие даасан жижиг оврын байгаль орчинд ээлтэй хаягдалгүй хог шатаалтын үйлдвэр, дахин боловсруулалтын үйлдвэр байгуулна.

IV. ХОТ-ЗОРЧИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ УХААЛАГ ЗОХИЦУУЛАЛТ

Зорчилт хөдөлгөөн, хотын бүсчлэлийг шинэ хандлагаар хөгжүүлж хатуу бүсчлэлгүй,
нээлттэй, ил тод, хамтын оролцоотойгоор шийдвэрлэнэ.

• Улаанбаатар хотын өнөөгийн тэлэлтэд суурилсан зургаан “трансек”-т хуваан бүсчилсэн код мөрдүүлнэ.

• Хөдөлгөөний эрчим ихтэй гудамж, замуудыг тухайн орон зайтай нь цогцоор нь
төлөвлөн хөдөлгөөний урсгалыг “мултимодаль” буюу олон төрөлт тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болгоно.

• Улаанбаатар хотод хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалт гэх мэт хориглолтуудыг хүчингүй болгож зорчилт хөдөлгөөний нэмэлт сонголт бий болгон ажиллана.

• Хотын А болон Б бүсийг нийтээр нь хамарсан дугуйн болон явган зам хосолсон цогц сүлжээг үүсгэнэ.

• Микромобилити буюу дугуй скүүтэр, мопедийн ашиглалт, аюулгүй байдлын стандарт журам боловсруулж мөрдүүлнэ.

• Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, хиймэл оюун ухаанд суурилсан хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог тээврийн салбарт нэвтрүүлнэ.

• Тусгай хэрэгцээт иргэд чөлөөтэй нэвтрэх боломжтой байдлаар замын хашлага, гарц зэргийн төлөвлөлт, зураглалыг хийж бүртгэн, бодлогын алдааг залруулж ээлтэй орчин бүрдүүлнэ.

• Экологистикийн цогц стратеги гарган бүсчлэлээс хамаарсан үйл ажиллагааны
төлөвлөлтийг нарийвчлан хийнэ.

• Дундын, түрээсийн тээврийн шийдлүүд буюу хувийн хэвшлийн инновацлаг
санаачилгыг дэмжин ажиллана.

• Хүүхдүүдийн тоглох орон зайг цогцоор төлөвлөн, насны онцлогт тохирсон дөрвөн
улирлын турш ашиглагдах аюул эрсдэлгүй орон зайг бий болгоно.

• Машинд зориулсан гудамжны төлөвлөлт зохион байгуулалтуудыг хүнд ээлтэй орон зай болгон хүртээмжийг нэмэгдүүлэх цогц төлөвлөлтийг хийж хотын төвийн болон
алслагдсан тус бүр нэг дүүргийг сонгон авч туршин хэрэгжүүлнэ.

• Хотын автозамын сүлжээг шинэчлэн төлөвлөж олон төрөлт тээврийн хэрэгслийн орон зайн төлөвлөлттэй уялдуулна.

• Тусгай замын автобус буюу BRT, трам гэх мэт зам дээр ил зорчдог тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ.

• Хотын төвийн бүсэд автомашингүй ногоон бүсийг бий болгож, амралт зугаалгын
талбайг өргөтгөнө.

• Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцыг хотын дүүрэг бүрт хүртээмжтэй
суурилуулахыг бодлогоор дэмжинэ.

V. ХОТ- АМЬДРАХАД ТААТАЙ ОРОН ЗАЙ

Хотын иргэдийн идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжиж, орчин үеийн хотын соёл, гоо зүйг дэмжин хөгжүүлнэ.

• Хотод хүүхэд, залуучуудын идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих орон зайн төлөвлөлт бүхий тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

• Хотын түүхэн дурсгалт өв, барилга байгууламжуудыг тасралтгүй арчлан хамгаалах
цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

• Хотын гудамжуудыг улирлын онцлогт тохируулан тохижуулж, иргэдийн сэтгэл
ханамжийг дээшлүүлсэн үйлчилгээ соёлын арга хэмжээ хэрэгжүүлнэ.

• Нийслэл Улаанбаатар хотын модерн арт галлерейг байгуулах хувийн хэвшлийн санал, санаачлагыг дэмжин хэрэгжүүлнэ.

• Залуучуудын амьдралын хэв маягийг эергээр өөрчилсөн бодит бүтээн байгуулалтууд, чөлөөт цагийн орон зайг мэргэжлийн төлөвлөлт дизайнаар бүтээн байгуулж тасралтгүй тордон сайжруулах менежменттэй болгоно.

• Орон сууцны хороолол, гэр хорооллын дунд ногоон байгууламж, соёл, спортын
төвүүдийг хүн амын тоо, нягтаршилтаас хамааруулан хүртээмжтэй байх стандарт
баталж мөрдүүлнэ.

• Явган хүний зам, дугуйн замын стандартыг мөрдүүлж, аюулгүй зорчих нөхцлийг
бүрдүүлнэ.

• Хотын иргэдийн өдөр тутмын нийгмийн харилцаанд хэвшүүлэх эерэг дадал, дундын ойлголцлын хэм хэмжээг сурталчилан таниулна.

• Улаанбаатар хотын ногоон паркийн сүлжээг бий болгон орчин үеийн менежментээр тасралтгүй тордон сайжруулж ажилладаг болгоно.

• Олон улсын шилдэг архитекторуудын бүтээл, төлөвлөлтийг жил бүр бодлогоор дэмжин хэрэгжүүлэх дотоодын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.

VI. ДҮҮРГҮҮД ХӨГЖЛИЙН ЯЛГАРЛААРАА МАНЛАЙЛНА

БАГАНУУР ДҮҮРЭГ

• Эрүүл мэндийн үйлчилгээ, сувилал, нөхөн сэргээх үйлчилгээний төв болгох урт
хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулан хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй болгож нийслэлийнхний хэрэгцээг ханган ажиллана.

• Төрөлжсөн сургалттай дотуур байртай бага, дунд, ахлах сургуулиуд төвлөрөхөд
бодлогоор дэмжин ажиллана.

• Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд байгуулахыг бодлогоор дэмжин ажиллана.

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

• Яндангүй дүүрэг болох эрчим хүчний төлөвлөгөө гарган мөрдүүлнэ.

• Эрчимжсэн мал ахуйн ферм, дагнасан сургалт судалгаа, дадлагын төвтэй болно.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

• Төмөр замын төв буудал орчимд хэсэгчилсэн төлөвлөлт хийх замаар явган хүн, дугуйнд ээлтэй, хотхон хооронд автомашингүй гудамжууд шинээр бий болгоно.

• Хуучирч ашиглалтаас гарч буй барилгуудын дахин төлөвлөлтийн ажлуудыг
эрчимжүүлэн үргэлжлүүлнэ.

• Граж буулгасан талбайд ногоон байгууламж барих ажлыг эрчимжүүлэн үргэлжлүүлнэ.

• Биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийг нэмэгдүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ.

• Гандангийн орчмыг бүхэлд нь мурал арт, аялал жуулчлалын орон зай болгох ажлыг цогцоор нь авч хэрэгжүүлнэ.

• Дүүргийн хэмжээнд улсын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль цэцэрлэгийн орчин, нөхцлийг сайжруулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

• Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн төлөвлөлтийг паркийн төлөвлөлтийн олон улсын
аргачлалд нийцүүлэн сайжруулна.

• Органик хүнсний дэлгүүрүүдийн төрөлжсөн кластер сүлжээг хотоос дэмжин
хөгжүүлэх ажлыг туршин хэрэгжүүлнэ.

• Нягтаршил ихтэй хотхонуудын нийтийн талбайн ашиглалт, тохижилтыг сайжруулж,
иргэнд ээлтэй орчныг бүрдүүлнэ.

• Гэр хорооллын бүсэд үерийн хамгааллын далан, суваг шуудуу, гэрэлтүүлэг,
камержуулалт, авто замын аюулгүй байдлыг хангасан орчин бий болгоно.

• Иргэдийн ногоон санхүүжилтээр орчин нөхцлөө сайжруулах боломжийг бий болгож, энэ талаарх иргэд, аж ахуй нэгжийн гаргасан санаачлагыг дэмжинэ.

• Иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх боломжийг бүх талаар дэмжин
ажиллана.

• Дүүргийн хэмжээнд орчин нөхцлөө сайжруулсан иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжих, урамшуулах тогтолцоог бий болно.

• Дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг гол мөрний ай сав дагуу аюулгүйн зурвас, иргэдийн амрах таатай нөхцөл бүхий орчныг бүрдүүлнэ.

НАЛАЙХ ДҮҮРЭГ

• Яндангүй дүүргүүд болох эрчим хүчний төлөвлөгөө гарган мөрдүүлнэ.

• Нийслэлийн иргэдийн сувилал, амралтын газруудын хүртэмжийг нэмэгдүүлж,
байгуулахад дэмжин ажиллана.

• Хүн амын нягтрал ихтэй цэгүүд хооронд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний
хуваарь маршрут гарган тогтмолжуулна.

• Залуу гэр бүлүүдэд зориулсан төлөвлөлт бүхий стандарт орон сууцны хотхонууд барих хувийн хэвшлийн санаачлагыг дэмжиж ажиллана.

• Бассейн бүхий спорт цогцолбор байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

• Нийслэл Улаанбаатар хотын хүнсний хэрэглээг хангах дотоодын үйлдвэрүүдийг
төвлөрүүлэх, бодлогоор дэмжин төвлөрүүлнэ.

• Бохирдол ихтэй орон зайд газар чөлөөлөлт хийж байгалийн аргаар нөхөн сэргээх,
ногоон байгууламж болгох стандарт аргачлалыг нэвтрүүлнэ.

• Баруун бүсийн орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний менежментийг орчин
үеийн, ойлгомжтой, дижитал болгон цогц менежментээр сайжруулна.

• Сонгон, дугуйлан, спортын клубуудыг эрчимтэй дэмжин дүүргийн хүүхэд залууст
идэвхтэй, эрүүл, спортлог амьдралын хэв маягийг сурталчилан таниулна.

• Газар чөлөөлөлтөөр задгай талбайн спорт талбайнуудыг барьж байгуулах, ногоон
байгууламжтай хослон төлөвлөх ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ.

• Ахмадын сувилал, эрүүл амьдралын клубуудыг шинээр байгуулна.

• Цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдоогүй айл өрхүүдийг
цахилгаанд холбоно.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

• Аялал жуулчлалын зориулалт бүхий бүтээн байгуулалт хийх, зочлох үйлчилгээний
салбарт инновацлаг шийдэл нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллана.

• Хаягжилтыг цогцоор нь шинэчлэх, стандартыг мөрдүүлэн цэгцлэх ажлыг туршилтаар эхлүүлнэ.

• Амралтын өдрийн захыг ажиллуулдаг болж өрхийн бизнес, жижиг дунд бизнесийг
дэмжинэ.

• Иргэдийн дижитал ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт, ажилд зуучлалын төвийг
байгуулан туршилтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

• Жишиг эко дүүрэг болох цогц хөтөлбөртэй болж ус, агаар, хөрсний бохирдлын
хяналтын тогтолцоог иж бүрнээр нь хийж турших дүүрэг болгоно.

• Гэмт хэрэг, зөрчил түгээмэл гардаг олон нийтийн талбай, зам, гудамжнуудыг
камержуулан аюулгүй байдлыг нэмэгдүүлэх гудамжны төлөвлөлт сайжруулалтыг
цогцоор нь хийнэ.

• Модон жорлонгүй дүүрэг болгох зорилтыг тавьж шинэ технологи, цэвэр шийдэл бүхий манлайллыг үзүүлнэ.

• Авто зогсоолын цогц менежментийг туршилтаар нэвтрүүлэн үнэлгээ, хяналтын
тогтолцоо жигдэртэл хэрэгжүүлэлтийг удирдана.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

• Чингэлтэй хайрханд стандарт явган алхалтын зам бүхийн амралт зугаалгын цогцолбор бий болгоно.

• Гудамжны гэрэлтүүлгүүдийг эрчим хүчний хэмнэлттэй, нэгдсэн стандарттай болгоно.

• Хашааны хөрсөө хоргүйжүүлэх, улмаар нөхөн сэргээн хүлэмжийн цэвэр үйлдвэрлэл эрхлэх сургалт хөтөлбөрийг туршилтаар эхлүүлэн өргөжүүлнэ.

• Хүнсний хог хаягдлаар органик бордоо үйлдвэрлэх туршилтын төслийг дүүргийн
хэмжээнд эхлүүлж сайн туршлага бий болгоно.