Архитектор мэргэжилтэй. Чанарын менежмент, төслийн чанарын хяналтын чиглэлээр мэргэшиж ажилласан туршлагатай. Тэрбээр өөрийн үнэт зүйл зарчмынхаа хүрээнд ХҮН намыг институцын хувьд улам батжуулах, сайн засаглалыг төлөвшүүлэхэд мэдлэг, туршлагаа зориулан ажиллах зорилготой.
НИТХ-д дэвшин өнөөгийн байгаа байдал буюу татвар төлөгчдийн мөнгийг үр бүтээмжгүй зарцуулагдаж буй байдлыг эсэргүүцэж, нийслэлд хэрэгжүүлж буй төслүүдэд чанарын хяналтын процессыг сайжруулахад өөрийн ур чадвар, мэдлэг туршлагаар хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна.
Баянзүрх дүүрэг, тэр дундаа 2-р тойрог бол Улаанбаатар хотын хүн амын хамгийн нягтралтай бүс. Мөн Сэлбэ голын ай сав дагуу оршдог. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн үйлчилгээнүүдийн хүрэлцээгүй байдал, авто замын түгжрэл, явган зорчигч, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй гудамж, талбай, мөн үерийн эрсдэл, онцгой байдлын үед тээврийн хэрэгсэл нэвтрэх орц, гарцын асуудал зэрэг олон тулгамдсан асуудлуудад симуляци хийж турших зэрэг арга хэрэгслүүдийг ашиглан иргэдийн оролцоотойгоор төлөвлөлтийг дахин хийснээр шийдвэрлэх боломжтой гэж харж байна.