МУИС-ийн Сэтгүүлзүйн бакалавр, СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Австралийн Күинслэндийн Их Сургуулийн эдийн засаг ба бизнесийн нэг жилийн хөтөлбөрт хамрагдсан. Тэрээр 2001 оноос эхлэн Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Энержи Ресурс компанид Олон нийтийн харилцаа болон тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын чиглэлээр хорь гаруй жилийн ажлын туршлагатай. Төслийн менежмент, харилцаа холбоо, тогтвортой хөгжлийн чиглэлээр Финлянд, Япон, АНУ, Австрали, Малайз зэрэг 10 орчим оронд туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдаж байсан.
Тэрээр Улаанбаатар хот, Хан- Уул дүүргийнхээ хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны тохижилт, дэд бүтцийг сайжруулах, хог хаягдлыг бууруулахад олон улсын жишиг стандарт, туршлагыг нэвтрүүлж, НИТХ, ДИТХ-ын үйл ажиллагаа, төсөв зарцуулалтад хяналт тавих чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Хүмүүнлэгийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшилд нийт 23 жил ажиллах хугацаандаа Монгол Улсынхаа 21 аймаг, 9 дүүрэг, 200 орчим сумдад очиж, иргэд олон нийттэй уулзаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр бүх оролцогч талуудтай хамтарч ажиллах, ойлголцох харилцааны ур чадвар, туршлагыг хуримтлуулсан. Мөн ажлын болон хувийн шугамаар дэлхийн 20 орчим улс орнуудаар аялж, тухайн хотуудын хөгжил, дэвшилтэй танилцсаны хувьд нийслэл, дүүргийн хот тохижилт, орчны менежментийн асуудлаар боломжит шийдэл, гаргалгаа боловсруулахад хамтран ажиллаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.