БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН

Бизнест ээлтэй, татварын таатай орчныг бүрдүүлнэ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалын босго дүнг 6 тэрбумаас 10 тэрбум болгох замаар бизнесийн үйл ажиллагааг тэлэх боломжийг дэмжих бодлого баримтлана.

Компанийн нэгдлийн толгой компанид охин компаниас шилжүүлэх ногдол ашгийн татварыг суутган тооцох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, буцаан олголтын өнөөгийн тогтолцоог судлан,бичил, жижиг болон дунд бизнес эрхлэгч, гарааны бизнесүүдийг дэмжижбизнесийн орчинг сайжруулах бодлого баримтална.

Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох аргачлалыг эргэн харж, иргэдийн ажил эрхлэх идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай өөрчлөлтийг оруулна.

Ашигт малтмалын АМНАТ болон өсөн нэмэгдэх АМНАТ-ыг тооцох аргачлалыг эргэн харж, судалгааны үндсэн дээр олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, бизнесийн орчинг сайжруулах арга хэмжээ авна.

Уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, ноос ноолуур, ээрмэл зэрэг хөнгөн болон бусад үйлдвэрлэлийн салбарын эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих эдийн засаг, эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх бодлого баримтлана.

Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлнэ.

Худалдаа, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн нэгдсэн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ.

Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэн, уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, тэдгээрийг татварын болон татварын бус аргаар урамшуулан дэмжинэ.

Энэхүү бодлоготой уялдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц хөрөнгө оруулалт татаж чадах таатай орчныг бүрдүүлсэн сайн хууль болгон батлана.

Эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайгаас хэт хараат байдлыг бууруулах зорилгоор (а) нэн тэргүүнд дэмжих болон (б) тодорхой хүрээнд дэмжих эдийн засгийн чиглэлүүдийг тодорхойлж, тэдгээрт үзүүлэх татварын болон татварын бус урамшуулал, дэмжлэгийг нэвтрүүлнэ.

Худалдаа, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааг идэвхижүүлж, хөрөнгө оруулагчдыг татах, тэдний эрхийг хамгаалах, урамшуулан дэмжих бодитой ажлууд хэрэгжүүлнэ.

Санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжинэ.

Төсөв, мөнгөний оновчтой бодлого явуулж, зээлийн хүүг бодитой бууруулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хөрөнгийн болон даатгалын салбарын зах зээлд суурилсан хөгжлийг дэмжих зорилгоор эрх зүйн орчныг сайжруулан, хөрөнгө оруулалт босгох боломжийг нэмэгдүүлнэ.

Санхүү, даатгалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор олон улсын сайн жишигт нийцсэн татварын бодлогыг хэрэгжүүлнэ.Гарааны бизнесийг санхүүжүүлэх венчур капитал сан байгуулах, олон улсын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө татах боломж бүрдүүлнэ.  

Олон улсын импакт хөрөнгө оруулагчдаас гарааны болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох гарцыг бүрдүүлж, нийлүүлэлтийн сүлжээ бий болгох замаар буюу томоохон аж ахуйн нэгж, төрийн худалдан авалтын гэрээний авлагыг барьцаалан зээл авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах мэдээллийг мэргэжлийн байгууллагууд ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцооны хууль эрх зүйн орчныг бий болгоно.

Хүртээмжтэй, үр ашиг бүхий санхүүгийн тогтолцоог бүрдүүлнэ.

Санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, активын чанарыг сайжруулах, дотоод, гадаадын санхүүгийн зах зээлээс хөрөнгийн эх үүсвэр татах нөхцөлийг бодлогын түвшинд бүрдүүлж, дэмжинэ.

Тогтвортой болон ногоон санхүүжилтийг бодлогын түвшинд цогц байдлаар дэмжиж, ногоон бонд болон бусад ногоон санхүүжилтийн хэрэгслийг санхүүгийн зах зээлд түлхүү нэвтрүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ногоон санхүүжилтийг гадаад зах зээлээс татах нөхцөлийг сайжруулна.

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжинэ.

Авлигыг устгах, засаглалыг сайжруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, хуулийг мөрдүүлэх, өмчийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлнэ.

Шударга өрсөлдөөнийг дэмжих, албан бус сектор, бизнесүүдэд учирч буй хүндрэл бэрхшээлийг бууруулах зорилготой шинэчлэлийг эдийн засаг, эрх зүйн хувьд уялдаатай байдлаар хийнэ.

Залуучуудын ажиллах нөхцөлийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, эмэгтэйчүүдийн асрахуйн зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгохын тулд “5R” буюу асрах ажлыг үнэлэх, ачааллыг багасгах, ажил, үүргийг дахин хуваарилах, ажлыг урамшуулах, үйлчилгээ үзүүлэгчдийн эрхийг хамгаалах төлөөлөл бий болгох цогц бодлогыг дэмжих болон хэрэгжүүлэх орчин нөхцөлөөр бүрэн дүүрэн хангана.

Залуусын ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор зайнаас ажиллах, цагаар ажиллах талаарх эрхзүйн орчинг сайжруулж, хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцон олгодог зохицуулалтыг бий болгоно.

Цалин хөлсгүй асрахуйн ажлыг багасган, өрх гэр болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцоог өсгөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), эдийн засгийн жилийн өсөлтийн түвшинг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

Гадаад худалдааны зохицуулалтыг институцийн түвшинд зохион байгуулж, олон улсын худалдааны тарифын болон тарифын бус бодлогыг судалгаанд суурилан хийж, улс хооронд байгуулсан гадаад харилцааны түншлэлийн гэрээг сайжруулна.

Төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй хувьчилж, төрийн оролцоог багасгаж, компанийн сайн засаглалыг бэхжүүлнэ.

Зайлшгүй төрийн эзэмшилд байх шаардлагатайгаас бусад төрийн өмчит компаниудыг хувьчлах, үүн дотроо хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгон хувьчлах бодлогыг баримтална.

Төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийг нээлттэй сонгон шалгаруулж, менежментийг эрс сайжруулж, компанийн сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

Төрийн өмчит компаниуд улс төрийн зорилгоор төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх, хандив тусламж өгөх явдлыг таслан зогсооно.

Төрийн болон орон нутгийн өмчит компани нэмж байгуулах, өргөтгөж хөрөнгө оруулах явдлыг хязгаарлаж, тодорхой зохицуулалт, хяналтыг бий болгоно.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖИЛ

Уул уурхайн үйлдвэрлэлийн мега төслүүдийг хэрэгжүүлнэ.

Уул уурхайн орлогоос бүрдэх хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан мега төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлнэ.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангана.

Үндэсний томоохон компаниуд мега төсөл хэрэгжүүлэх боломжийг ханган ажиллана.

Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улс төр ба намын нөлөөллөөс ангижруулснаар иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгож, Монгол Улсын иргэд, төр, бусад хувьцаа эзэмшигчдийн тэнцвэрт харилцааг бүрдүүлнэ.

Оюутолгойн үйлдвэр болон уул уурхайн томоохон төслүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах цахилгаан станц барих бодлого баримтална.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд татварын бодит бус ачааллыг нь бууруулж, санхүү, үйл ажиллагааны чадавхыг нь бэхжүүлнэ.

Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, олон улсын зах зээлийг тэлэх бодлого барин ажиллана.

Уул уурхайн салбарын орлогоос орон нутагт хуваарилах хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална.

Хариуцлагатай уул уурхай буюу байгаль орчин, эдийн засгийн тоон болон чанарын тодорхой шалгуурыг хангахуйц хэмжээнд ажиллах нөхцөл шаардаж, шинээр хэрэгжихэд бэлэн болсон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтална.

Уул уурхайн эрдэс баялгийн хайгуулын ажил нь уул уурхайн эдийн засгийн үе шат болон үнийн савлагаанаас ихээхэн хамааралтай байдаг тул тогтворжуулах бодлого баримтлан ажиллана. Хайгуулын ажлыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулан цар хүрээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийн зүй бус наймааг хязгаарлах бодлого хэрэгжүүлнэ.

Стратегийн ач холбогдол бүхий ордыг уул уурхайн салбарын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамааруулах байдлаар эрх зүйн зохицуулалт хийнэ.

Улс орны дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай гол орц болох ган, цемент, шилний үйлдвэрт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ. Уул уурхай, барилга, дэд бүтцийн байгууламжийн үндсэн нэр төрлийн төмөр, ган, цемент, шилэн хийцийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах бодлого хэрэгжүүлнэ.

Химийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэн, гол нэр, төрлийн шатахууны тодорхой хувийг олон улсын стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах бодлого баримтална.

Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг төрөлжүүлэн хөгжлүүлнэ.

Хөдөө аж ахуйд суурилсан, нэмэгдсэн өртөг шингэсэн экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үе шат руу шилжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлнэ.

Шударга өрсөлдөөнд суурилсан компани төвтэй кластерууд хөгжих боломжийг бүрдүүлж, мэргэжлийн холбоод, судалгаа шинжилгээ, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, тухайлбал, мах, жимс жимсгэнэ, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний онцгой чанарын судалгаанд үндэслэн үндэстний үнэ цэнийн байршил бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчин, бодлогын зохицуулалтыг боловсронгуй болгоно.

Хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг бодлогын түвшинд дэмжин ажиллана.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлнэ.

Мал аж ахуйн салбарт “Монгол өрх - үндэсний хөгжлийн загвар аж ахуй” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд талуудын оролцоог ханган хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгч, зах зээлтэй тэднийг холбох кластерын платформыг хөгжүүлнэ. Мөн нийлүүлэлт, үйлдвэрлэл, логистик болон маркетингийн нэгдсэн систем бүхий платформыг үүсгэн байгуулна.

Уламжлалт нүүдлийн мал аж ахуй болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх бодлого баримтална.

Бүс нутгийн онцлог, ашиг шимийн чиглэлээс хамаарч малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх эдийн засгийн хөшүүргийг бий болгоно. Мал аж ахуйн салбарт биотехнологийн ололт, инновацыг нэвтрүүлнэ.

Малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, бэлчээрийн доройтол, цөлжилтийг бууруулах эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлнэ.

Мал аж ахуйг байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалах зах зээлийн зарчимд нийцсэн даатгалын тогтолцоо бүрдүүлнэ.

Малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор экспортын шаардлагад нийцүүлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг хангасан, зах зээлийн зарчимд нийцсэн тогтолцоог бүрдүүлнэ.

Салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, үйлдвэрлэл эрхлэх менежментийг сайжруулах арга хэмжээ авна.

“Сумын хөрөнгө оруулалтын сан”-гаар дамжуулан малчин өрх, хот айл, жижиг, дунд тариалан эрхлэгчдийн аж ахуй эрхлэлтийг дэмжин, орчин үеийн техник, технологи, эрчим хүчээр хангаж, үйлдвэрлэл тогтвортой эрхлэх санхүү, эдийн засаг, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлнэ.

Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлнэ.

Тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангах, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Газар тариалан, тэжээлийн ургамлын үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуйтай хослон хөгжүүлж, тэдгээрийг эрхлэх бүс нутгийг оновчтой тогтооно.

Эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулах, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ирээдүйтэй, баталгаажсан таримал үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, үр, сортын тариалан, үрийн аж ахуйн тогтолцоог зах зээлийн нөхцөлд нийцүүлэн хөгжүүлнэ.

Хөрсний бүтэц, үржил шимд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан машин, тракторыг сонгож парк бүрдүүлэх, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, техникийн засвар үйлчилгээний тогтвортой сүлжээ байгуулах, зарим төрлийн машин, багаж, эд ангийг дотооддоо үйлдвэрлэх, угсрах үйл ажиллагааг дэмжинэ.

Усны хайгуул, судалгаанд тулгуурлан гадаргын болон бороо, цасны усыг хуримтлуулах, услалтын системийн ашиглалтыг сайжруулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжинэ.

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалтад ус, эрчим хүчний зарцуулалт багатай, байгаль орчинд халгүй дуслын болон хөрсөн доороос нэвчүүлэх усалгааны дэвшилтэт технологийг дэмжих бодлого баримтална. Жимс, жимсгэнийн тариалалт, нэр төрлийг нэмэгдүүлэх, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Химийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бэлдмэлд тавих хяналтыг сайжруулна.

Салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлнэ.

Хөдөө аж ахуй
-Аялал жуулчлал, Аялал жуулчлал
-Тээвэр, логистик, Хөдөө аж ахуй
- Аж үйлдвэр зэрэг салбарын уялдаа холбоог сайжруулан, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх судалгаа, санхүүжилтээр дэмжих бодлого баримтална.

Компаниудын бүтээмж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээний дэд бүтэц, мэдлэг, мэдээлэл, хөрөнгө оруулалт зэрэг тасалдалтай хэсгүүдэд эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлнэ.

Барилга, хот байгуулалтын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, удирдлага, зохион байгуулалтын олон улсын менежментийн системийг нэвтрүүлэх, салбарын хөгжлийн бодлогын тогтвортой үйл ажиллагааг хангах бодлогыг хэрэгжүүлнэ.

Тээврийн салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөлтийг далайд гарцгүй орны онцлог болон бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлэн боловсруулж, үндэсний логистикийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, улс хоорондын тээврийн мэдээллийн нэгдсэн цахим системийг хөгжүүлнэ.

Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн найруулж, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр болон улс хоорондын авто тээвэрт үндэсний байгууллагуудын өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэн нэмэгдүүлнэ.

Авто тээврийн салбарт ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг бодитойгоор хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох бодлого баримтална.

Төмөр замын тээвэр, засвар үйлчилгээний салбарт өмчийн олон хэлбэрийн аж ахуйн нэгжүүд бий болохыг бодлогоор дэмжиж, төмөр замын суурь бүтэц, хилийн боомтын байгууламжуудын үйл ажиллагаа болон тариф тогтоох аргачлалыг олон талд нээлттэй, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлсэн байдлаар хэрэгжүүлнэ.

Багахангай-Сайншанд чиглэлд хос төмөр замтай болох ажлыг дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхийг дэмжинэ.

Агаарын тээврийг либералчилж, үндэсний агаарын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулан, нислэгийн болон зорчигчдын тоог нэмэгдүүлснээр тийзний үнэ хямдрах боломж бүрдүүлнэ.

Аялал жуулчлалын салбарт үйлчилгээний чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх замаар экспортын орлогын тогтвортой эх үүсвэр болгох бодлого баримтална.

Бүсүүдийн аялал жуулчлалын харьцангуй давуу талыг харгалзан байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал, нүүдлийн соёл иргэншлийг танилцуулах жуулчлалын бүсүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх бодлого баримтална.

Аялал жуулчлалын стандарт, дэд бүтцийг сайжруулснаар жуулчлалын олон төрөл, улирлын онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримтална.

Музей, соёл урлаг, түүх, уламжлалт зан заншлыг хамарсан бодлогыг аялал жуулчлалтай уялдуулна.

Соёл, урлагийн салбарын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нээх бодлогыг тодорхойлж, үндэсний онцлогийг шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, соёлын салбарын нэгдсэн сан байгуулах замаар санхүүгийн дэмжлэгийг төвлөрүүлж, оролцоотой удирдлагын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Судалгаа шинжилгээ, олон улсын стандарт бүхий аргачлалыг нэвтрүүлэн бүтээмж ба инновацыг дэмжинэ.

Мал аж ахуйн болон газар тариалангийн шинэ бүтээгдэхүүн боловсруулах инновацын төслүүдийг дэмжин, судалгаа шинжилгээний туршилтын ажлуудыг үйлдвэрлэл, хэрэглэгчтэй холбох, мэдлэгт суурилсан эдийн засгийн суурийг бэхжүүлэх санхүүжилт, эрх зүйн зохицуулалтуудыг шинэчлэн хөгжүүлнэ.

Гадаад болон дотоод худалдааны эрчим, хэмжээ, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор худалдааны тогтолцоог олон улсын стандартад нийцэх аргачлалаар бүртгэлжүүлэн нэгдсэн өгөгдөл, мэдээллийн сан үүсгэж ашиглалтад оруулна.

Эдийн засгийн тэргүүлэх салбарт шаардлагатай ажиллах хүчний судалгааг хийж, хүний нөөц бэлтгэхийг дэмжсэн бодлого баримтална.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БУС БАЙДАЛ

Бодлого, хууль эрх зүйн орчныг шинэчилнэ.

Эрчим хүчний шилжилтийн үндэсний стратегийг боловсруулж, эрчим хүчний хараат бус байдлыг нэмэгдүүлэх, техник, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний стратеги бодлогыг тодорхой, ойлгомжтой болгоно.

Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн найруулж, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн, шинэ технологийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгоно.

Эрчим хүчний хуулийг шинэчлэн найруулахтай уялдуулан Сэргээгдэх эрчим хүчний тухай болон Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлсэн үйл ажиллагааг урамшуулах, дэмжих тогтолцоог бий болгоно.

Эрчим хүчний шилжилтийн үндэсний стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний зах зээлийн загвар, бүтцийг шинэчилнэ.

Зах зээлийн бүтэц, зохицуулалтуудыг хөрөнгө оруулалт, өрсөлдөөнийг дэмжсэн зарчмаар сайжруулна.

Эрчим хүчний бөөний зах зээлийг нэвтрүүлнэ. Ингэснээр томоохон хэрэглэгч нь үйлдвэрлэгчээсээ гэрээний үндсэн дээр эрчим хүч шууд худалдаж авах боломжийг бүрдүүлнэ.

"Нэг худалдан авагчтай загвар”-ын үйл ажиллагааг ил тод болгож, Диспетчерийн үндэсний төвтэй хийх гэрээний зохицуулалтыг илүү тодорхой болгох замаар оролцогч компаниудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.

Эрчим хүчний мэргэжлийн байгууллагуудын зохицуулалт, төлөвлөлт, хяналттай холбоотой мэргэжлийн үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах боломжийг бүрдүүлнэ.

Эрчим хүчний чиглэлийн төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжинэ. Тухайлбал, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, төсвийн болон төрийн өмчит компанийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлого баримтална.

Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг ашиглана.

Улаанбаатар хотын дулааны хангамжид зориулж одоогийн Дулааны цахилгаан станц-2 байршил дээр шинэ дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Тавантолгойн цахилгаан станцын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зохистой хувилбарыг сонгон олон нийтэд нээлттэй компанийн хэлбэрээр хэрэгжүүлнэ.

Цахилгаан системийн тогтвортой байдал, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор бага, дунд чадлын усан цахилгаан станцын мөн усан цэнэгт цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлнэ.

Эрчим хүчний системийн аюулгүй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор бага, дунд чадлын Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр, эрчим хүч хуримтлуурыг аймаг, сумдад байгуулах бодлого баримтална.

Цахилгаан эрчим хүчний хангамжийг цэвэр эрчим хүчээр шийдвэрлэх зорилгоор нийт 200МВт-ын хүчин чадалтай нар болон салхин цахилгаан станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулна.

Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 10,000 айл өрхийн цахилгаан болон дулаан хангамжийг нарны эрчим хүчээр хангах төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлого баримтална.

Дунд оврын дулааны цахилгаан станцуудыг улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тархаан байрлуулах бодлого баримтална.

Үйлдвэр, уурхайнууд дэргэдээ 5МВт хүртэл чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр байгуулбал илүү гарсан эрчим хүчийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан тарифаар нэгдсэн сүлжээнд худалдан авах нэмэлт өөрчлөлт оруулна.

Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх төслүүдийг бодитоор дэмжинэ.

Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн үйл ажиллагааг урамшуулах, дэмжих чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулна.

Гэр хороолол, орон сууцны байшингуудын дулаан алдагдлыг хэмжих, дулаалах чиглэлээр улсын хэмжээнд аян өрнүүлж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд зориулан хувийн хэвшил, олон улсын ногоон санхүүгийн эх үүсвэрийг ашиглах чиглэл баримтална.

Эрчим хүчний үнэ тарифыг зардлаа нөхөх түвшинд хүргэж, цаашид үе шаттайгаар чөлөөлөх бодлого баримтална.

Цахилгаан, дулааны тарифын хөндлөн татаасыг арилгаж, төлбөрийн шударга хуваарилалтыг бий болгоно.

Хэрэглээнд суурилсан тарифын тогтолцоог хөгжүүлж, их хэрэглэх тусам их төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлнэ. Харин эрчим хүчний төлбөрийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэгт хүргэх бодлогыг дэмжинэ.

Дулааны эрчим хүчний төлбөрийг талбайгаар бус тоолуур болон зардал хуваарилах төхөөрөмжийг ашиглаж тооцдог болно.

Эрчим хүчний төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж олон нийтийн хяналтад оруулна.

Эрчим хүчний төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгон ажиллуулна.

Төрийн өмчит компаниудын хөрөнгө, үйл ажиллагаанд аудит хийх, санхүү, нягтлан бодох бүртгэл хөтлөх үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлнэ.

Эрчим хүчний хөрөнгө оруулалт, санхүүжилт, олон улсын хамтын ажиллагааг дэмжинэ.

Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг төсөв, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжинэ.

Эрчим хүчний шилжилтийн үндэсний стратегид туссан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор гадаад улс орнууд, олон улсын байгууллагатай хэрхэн богино болон урт хугацаанд хамтран ажиллах чиглэлүүдээ гаргаж, тогтвортой мөрдөж ажиллана.

НҮБ-аас дэвшүүлж буй сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, хүлэмжийн хийг бууруулах чиглэлийн олон улсын уриалга, амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллана.

Хүлэмжийн хийн ялгарлын бууруулсан кредит буюу карбон кредитийн зах зээлийг Монгол Улсад нэвтрүүлэх, ашиглахыг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Эрчим хүчний экспортын төслүүдийг хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний экспортын бодлого, стратегийг бий болгоно.

Өнгөрсөн хугацаанд санаачилсан экспортын төслүүдэд үнэлгээ хийж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Экспортын зориулалтай эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой газруудыг урьдчилан тодорхойлж, улсын тусгай хэрэгцээнд авна.

Эрчим хүч экспортлох асуудлаар импортлогч улстай Засгийн газар хоорондын тусгайлсан хороог байгуулж ажиллана.

Эрчим хүчний технологи, инновац, судалгааг дэмжинэ.

Сэргээгдэх эрчим хүчний туршилт судалгааны аж үйлдвэрийн парк байгуулж, инновац шингээсэн эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

Эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагааг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж, судалгааг дэмжинэ.

Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг хурдан шуурхай болгох мөн шугам сүлжээний үр ашгийг сайжруулах үүднээс 300 мянган ухаалаг тоолуурыг нэвтрүүлнэ.

Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцыг хот, орон нутагт хангалттай тоогоор суурилуулахыг бодлогоор дэмжинэ.

Ногоон ба цэнхэр ус төрөгч үйлдвэрлэх, ашиглахтай холбоотой бодлого гаргах, холбогдох суурь судалгаа, туршилтын болон бизнес төслүүдийг дэмжих, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллана.

Цөмийн эрчим хүчийг ашиглахтай холбоотой суурь судалгаа, хүний нөөцийг үе шаттай бэлдэх ажлыг тууштай дэмжинэ.

Нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолт, ашиглалтыг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Нүүрснээс цэвэр хийн түлш гарган авч гэр хорооллын халаалтад ашиглах төслийг сэргээж, үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тоон мэдээлэл, өгөгдлийг ил тод, нээлттэй болгох замаар судалгаа, тооцооллыг дэмжинэ.

Эрчим хүчний зохистой хэрэглээний хэв маягийг олон нийтэд сурталчлан таниулна.

Эрчим хүчний хэмнэлттэй нийтийн болон амины орон сууцанд олгох ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн санхүүжилтийг дэмжинэ.

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Хөгжлийг түүчээлэх салбаруудыг дэмжинэ.

Эдийн засгийн өнөөгийн болон ойрын ирээдүйн тулгуур салбаруудыг харьцангуй давуу талд нь тулгуурлан тодорхойлж, тэдгээрийг хөгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, тээвэрлэлт, татвар, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулан, салбар хоорондын уялдааг сайжруулж, зохицуулалтын бусад арга хэрэгслийг үр дүнтэй ашиглана.

Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэл, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг цогц, уялдаатай хэрэгжүүлнэ.

Инфляцын эсрэг оновчтой бодлого хэрэгжүүлнэ.

Инфляцийг нэг оронтой тоонд тогтвортой барих төсөв, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлнэ.

Валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар урт хугацаанд ханшийн тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлнэ.

Үр дүнд чиглэсэн төсвийн сахилга батыг хангах төсвийн бодлого боловсруулна.

Үр дүнд чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлж, бүсчилсэн хөгжилд тулгуурласан засаг захиргааны оновчтой тогтолцоог нэвтрүүлэх замаар төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн орлогоор төсөл, хөтөлбөр шууд санхүүжүүлдэг байдлыг зогсоож, бизнесийн зарчмаар бие даан үйл ажиллагаагаа ил тод явуулах нөхцөлийг хангаж, ашгийг ногдол ашиг хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг төсвийн хүрээнд баталдаг байхаар хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

Улсын хөгжлийн зорилтуудыг төсөвтэй уялдуулах үүднээс дунд хугацааны зарлагын хүрээг нэвтрүүлнэ.

Хөгжлийн зорилтуудад чиглэсэн үр ашиг, үр дүн авчрах төслүүдийг эрэмбэлж, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулна.

Төрийн албыг цомхон, чадварлаг болгох, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах замаар төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна.

“Сумын хөрөнгө оруулалтын сан” хөтөлбөрийг хэрэгжүүлж орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн чадавхийг дээшлүүлнэ.

Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын зарцуулалтыг нээлттэй ил тод болгон, тайлагналтыг эрс сайжруулж, зорилтот бүлэг, ирээдүй хойч үедээ чиглэсэн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтуудыг хийх зарчмыг хэрэгжүүлнэ.

Өрийн удирдлагыг сайжруулна.

Дотоод, гадаад өр үүсгэж буй гол хүчин зүйл болох төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд хатуу барина.

Төсвийн орлогын төсөөллийг бодитой төлөвлөж, татварын хувийг бууруулж, хамрагдалтыг сайжруулан татварын суурийг өргөжүүлнэ.

Төсвийг тэнцвэржүүлж, өрийг оновчтой удирдах замаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулна.

Хувийн секторыг шахах нөлөөг (crowding out) бууруулж гадаад, дотоодын зээлийн эх үүсвэрийн өртгийг хямдруулна.

Гадаадын зээлээр хэрэгжиж буй төслүүдийн зардал, үр ашгийг нарийвчлан тооцож, зөвхөн нийгэм, эдийн засгийн үр ашигтай төслийг хэрэгжүүлнэ.

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Боловсролын салбарт шинэчлэл хийнэ.

Англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгох бодлогыг тууштай баримтална.

Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

Малчдын хүүхдийг эцэг эхийнхээ дэргэд бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх бодлого баримтална. Сургууль-Эцэг эх-Сурагчийн гурвалсан харилцаанд суурилсан сургалтын эрүүл орчныг улс орон даяар нэвтрүүлнэ.

Монгол бичгээр гарч буй агуулга, мэдээллийг олшруулах, нийтийн өргөн хэрэглээг нэмэгдүүлэхийг бүхий л талаар дэмжиж ажиллана.

Нийт суралцагчдад Оюун ухаан-Бие бялдар-Сэтгэлийн тэнцвэртэй боловсролыг олгох болон хүүхэд бүрийн сэтгэхүй, сэтгэл зүйн онцлог, авьяас чадварт суурилан бэлтгэхэд чиглэсэн иж бүрэн “Боловсролын реформ”-ыг хэрэгжүүлнэ.

Боловсролын бодлого улс төрөөс ангид байх, тогтвортой байх зарчмыг хэвшүүлнэ.

Нийгмийн хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдсан мэргэжлийн болон дээд боловсролын бодлогыг хэрэгжүүлнэ.

Насан туршийн боловсролын хүрээнд шинэ гэр бүлд зориулсан, хүүхдийг эрүүл, зөв хүн болгон хүмүүжүүлэх тухай анхан шатны сургалтыг орон нутгийн захиргааны байгууллагуудаар дамжуулан олгодог тогтолцоог бүрдүүлнэ.

Хамран сургах тойрог дотор байгаа сайн багш нарыг 3-5 жил тутамд сэлгэн ажиллуулдаг "Сайн багшийг таны дэргэд бодлого”-ыг хэрэгжүүлнэ.

Гадаад дотоодын нэр хүндтэй их сургууль төгссөн, багшлах сонирхолтой 35 хүртэлх насны залуучуудад багшлах эрхийн үнэмлэхийг хялбаршуулсан журмаар олгодог “Би багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Сургуулийн өмнөх боловсролыг академик мэдлэг олгоход бус хүүхдийг сургуулийн орчинд бэлдэх, зөв хүмүүжлийн үндсэн хандлага олгох, зөв хооллолт болон өөрийгөө арчилж чаддаг чадварт сургахад чиглүүлнэ.

Нийтийг хамарсан жигд сургалтад хамрагдах боломжгүй суралцагчид зориулсан альтернатив сургалтыг хэрэгжүүлэх боломжтой “Боловсролын чөлөөт бүс” -ийг хэрэгжүүлнэ.

Сурах бичиг, сургалтын нэмэлт хэрэгсэл, ном бүтээн зах зээлд нэвтрүүлэх хувийн хэвшил, боловсролын салбарын инноваци, технологийг хөгжүүлэх стартапуудыг дэмжих “Боловсролын хувирган өөрчлөлт” бодлогыг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр, агуулгын шинэчлэл хийнэ.

Зайн дарангуйллыг арилгах, боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх “Цахим сургууль”-ийн агуулгыг монгол хэлээр бүрэн бүрдүүлж, агуулгыг эзэмшсэн суралцагчийг шалгалтад хамруулан, анги дэвшүүлэх, төгсгөх тогтолцоог бүрдүүлнэ.

Тусгай хэрэгцээт сургалт болон гэрийн сургалтыг нэмнэ.

Монгол хэлээр дунд, ахлах сургуулийн байгалийн ухааны хичээлийн агуулгыг бүрдүүлж, дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстэнд монгол хэлээр боловсрол эзэмших боломжийг олгох “Диаспора боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Сурах бичгийн уялдаа, хамаарал, дэвшин суралцах агуулгыг хангаж, тогтвортой хөгжлийн 17 зорилт, монгол ахуй, философи, байгальд ээлтэй үзэлд суурилсан боловсруулалтыг бүрдүүлнэ.

Ахлах сургуулийг хамран сургах тойргоос хамааралгүй сонголттой болгож, мэргэжлийн эрх олгодог 3 жилийн сургалттай болгон хөгжүүлнэ. Хөдөө аж ахуй (фермер, нүүдлийн мал аж ахуй, газар тариалан), худалдаа, мэдээлэл технологийн ахлах сургуулиудыг байгуулах “ахлах сургуулийн төрөлжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Ахлах сургуулиудад “Мэргэжил сонголт”-ыг дэмжих “Карьер хөгжлийн тогтолцоо”-г бүрдүүлнэ. Их сургуульд элсэн ороход чиглэсэн сургалттай ахлах сургуулийн зарим хичээлийг кредитийн тогтолцоонд шилжүүлж, зарим мэргэжлийн их сургуулийг 3 жилд төгсөх боломжийг хангана.

Ахлах сургуулийн сурагчдыг эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, соёлтой танилцах аялалд оролцуулдаг, сургуулийн зүгээс зохион байгуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.

Сургууль нь багш ажиллахад таатай орчин байх стандартыг боловсруулан, мөрдүүлнэ.

Сургуулийн орчны дээрэлхэлт, гадуурхалтыг арилгах иж бүрэн бодлогыг боловсруулан, далайцтай хэрэгжүүлнэ.

Иргэдийн цахим хэрэглээний ур чадварыг (digital literacy) дээшлүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

Боловсролын удирдлагын шинэчлэл, стандартын хэрэгжилтийг хангана.

Өмчийн хэлбэр, байршлаас үл хамааран боловсролын чанарыг ижил байлгах бодлого баримтална.

Төрийн өмчит их сургуулиудын удирдлага, хяналтын тогтолцоо, засаглалыг улс төрөөс ангид болгон профессорт суурилсан; хувийн компаниудтай эрүүл харилцаа, хамтын ажиллагаатай байх "Инновацид суурилсан их сургуулиуд”-ыг бий болгоно. Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль, судалгааны их сургуулиас инновацийн их сургууль гэсэн хөгжлийн концепцийг хэрэгжүүлнэ.

Таван жилийн сургалттай КООСЭН сургалтыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан өргөжүүлэн нэвтрүүлнэ. • Сургууль цэцэрлэгийн барилгыг газар хөдлөлт, аюулгүй байдлын стандартыг дээд зэргээр хангасан ижил загварын зургаар бүтээдэг болж, зураг төслийн төсвийг хэмнэдэг болно.

Сурах бичгийн цаасны жинг багасгахаас гадна хүүхдийн нүдэнд аюулгүй “дижитал сурах бичиг”-ийг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициентийг ахлах сургуульд 1 болгож, бага, дунд сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог Улаанбаатар хотод цөөлөх “Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги” стандартыг нэвтрүүлнэ.

Дээд боловсролыг зах зээлийн зарчмаар хөгжих тогтолцоог бүрдүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын босго оноог дээшлүүлэх замаар төрийн болон хувийн дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, зах зээлийн зарчмаар цөөлөх бодлогыг баримтална.

Боловсролын салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг жил бүр үе шаттай нэмэгдүүлнэ.

Боловсролыг дэмжих сангийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, тайлан, боловсролын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг ил тод болгож, хяналтыг тогтмолжуулна.

Суралцагч бүр сургалтын агуулгыг үнэ төлбөргүй үзэх интернэттэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЭЧЛЭЛ

Эрүүл мэндийн сайн засаглалыг сайжруулж, санхүүжилтийг оновчтой болгоно.

Эмнэлгийн тусламжийн шатлал бүрд “E-hospital” платформыг нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоог шуурхай, чирэгдэлгүй болгоно.

Эмч, эмнэлгийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулна.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх үе шаттай арга хэмжээ авна.

Эрүүл мэндийн салбарын бүсчилсэн тогтолцоог хөгжүүлж, зургаан бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн хүний нөөц, технологийн чадавхыг сайжруулна.

Анхан, дунд шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, эмч, сувилагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлнэ.

Эрүүл мэндийг хамгаалах бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

Монгол төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан, бодлогоор дэмжин ажиллана.

Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах “Эрүүл аж төрөхүй” цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ.

“Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр настны бие, сэтгэлийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хар тамхины хор хөнөөлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж архи, тамхи, мансууруулах бодис, цахим тоглоом болон бусад бүх төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

“Эрүүл мэнд эрхэм баян” хөтөлбөрөөр ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

“Сэтгэл эрүүл Монгол хүн” хөтөлбөрөөр Монгол хүний бие, сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Иргэн хаана байхаас үл хамааран хамгийн найдвартай оношилгоо, эмчилгээг хийлгэх боломжийг бүрдүүлж, эмнэлгийн үйлчилгээний “арын хаалга” гэх ойлголтыг үгүй болгож, хүн бүрд тэгш, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үзүүлнэ.

Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж сэтгэл ханамжгүй байдал, хүлээгдэл, чирэгдлийг үгүй болгоно.

Эмчилгээний үр дүнг эмнэлэгт хэвтэлт эсвэл ор хоногийн тоогоор бус өвчний эдгэрэлт, амьдралын чанарын ахицаар үнэлдэг тогтолцоог төлөвшүүлнэ.

Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс болох архи, тамхи, чихэрлэг ундааны хэрэглээг бууруулж, татварын тодорхой хувийг эдгээрийн зохисгүй хэрэглээнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулна.

Биеийн тамир, спортын салбарын тогтолцоог шинэчилнэ.

Гоо сайхны мэс засал болон гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулна.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, төлбөрөөс хамаарч эдийн засгийн дарамтад орох эрсдэлээс иргэдийг хамгаалах үүднээс эрүүл мэндийн салбарт хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж, даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэн даатгуулагчид очих өгөөжийг нэмэгдүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлнэ.

Хүн амын өвчлөл, нас баралтын голлох шалтгаан болдог өвчин эмгэгийн эмчилгээнд даатгалаар олгох эмийн нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж, олон нийтэд ил тод байлгана.

Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчний тоог бууруулах, гадаад руу урсах эмчилгээний зардлыг багасгах, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсэх санхүүгийн хүндрэлээс сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд хүүхэд болон насанд хүрэгчдийн эмчилгээний зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах боломжийг судалж шийдвэрлэнэ.

Эм зүйн тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ.

Чанарын баталгаатай эмийг хэрэгцээт хүнд хүргэх бүтэц, зохион байгуулалт болон эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, эмийн хяналтанд олон улсын стандартыг хэрэгжүүлнэ.

Эм, вакцин, био бэлдмэлийн чанарын хяналтын лабораторийн хүний нөөцийг чадавхжуулж, технологийн шинэчлэл хийнэ.

Эх орны брэнд эм, биотехнологийн болон гоо сайхны бүтээгдэхүүн, экспортод чиглэсэн эмийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэхийг дэмжинэ.

Тэтгэврийн ШИНЭЧЛЭЛ

Тэтгэврийн шинэчлэл хийж суурь тэтгэвэр, хуримтлалын тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн олон тулгуурт тэтгэврийн тогтолцоотой болгоно.

Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоог суурь тэтгэврийн тогтолцоо болгон хөгжүүлнэ. Ингэхдээ тэтгэврийн даатгалын ажилтан, ажил олгогчийн төлөх шимтгэлийг үе шаттайгаар бууруулах эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлнэ.

Үндэсний хуримтлалыг тэтгэврийн сангаар дамжуулж иргэд өөрсдөө бий болгоно.

Монгол Улсын эдийн засагт олон нийтийн эзэмшил бүхий шинэ хэвшил бий болно. Тэтгэврийн сангууд хөрөнгийн захын том тоглогч болж төрийн болон үндэсний компаниудын хувьцааг эзэмшдэг, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог болгоно.

Тэтгэврийн тогтолцооны хувийн нэмэлт тэтгэврийн давхаргыг шинээр бий болгож хөгжүүлнэ.

Тэтгэврийн шинэчлэлийг уул уурхайн салбарын орлогыг ашиглаж үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

ЦОМХОН, ЧАДВАРЛАГ, АВЛИГАГҮЙ ТӨР

Хуулийн засаглалыг төгөлдөржүүлнэ.

Төрийн эрх мэдлийн хуваарилалтын харилцан хяналт, тэнцэлтэй байх зарчмыг хангах, ардчилсан ёс, эрх зүйт төр төлөвших, ард түмний хүсэл зоригийг шингээсэн хууль ёс засагладаг тогтолцоог бий болгоход чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Үндсэн хуулийн цэцийн бие даасан байдал, түүний гишүүний хараат бус байдлыг хангах чиглэлээр ажиллана.

Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой гомдлыг Цэц хүлээн авч шийдвэрлэдэг болгох зохицуулалтыг хуулинд тусгана.

Прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийн бус гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болгоно.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийг гүйцээн батална.

Засгийн газар, түүний харьяа байгууллагууд хэм хэмжээ тогтоосон захиргааны акт батлах замаар хууль тогтоох эрх мэдлийг аливаа хязгаарлалт, зохицуулалтгүйгээр шилжүүлэн авч ирсэн алдаатай байдлыг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд залруулж, бүхэлд нь дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим журмаар зохицуулдаг харилцааг хуулиар зохицуулах чиглэл баримтална.

Төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал, шударга ёсны зарчмыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллага, албан тушаалтны албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл явцыг хууль тогтоох үйл ажиллагаагаар нарийвчлан зохицуулна. Ингэснээр төрийн байгууллага, тэдгээрийн үйлчилгээтэй холбоотой иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг хүнд сурталгүй, хуулийн дагуу шуурхай шийдвэрлэдэг болохын зэрэгцээ хуулиа мэдэж буй иргэн төрийн албан хаагчаас хариуцлага нэхэх боломж бүрдэнэ.

Эдийн засгийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, арилжааны хуулийг батлан гаргах, шударга өрсөлдөөний болон картелийн эрх зүй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хөрөнгийн зах зээлийн, газрын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

Иргэний бүртгэлийн эрх зүйг шинэчилж, иргэдийг хариуцлагажуулах, хаягжуулалтын болон шуудан харилцааны тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, иргэд хоорондын эрх зүйн маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, төрийн удирдлагыг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх, хууль зүйн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ.

Хууль зүйн салбарын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг эрчимжүүлнэ.

Хууль зүй, дотоод хэргийн асуудлыг тусгаарлан, эрх зүйн шинэтгэлийн бодлогыг Хууль зүйн яаманд бүрэн хариуцуулснаар хүний эрхийг хязгаарлах, хориглох шинжтэй өнөөгийн хууль зүйн бодлогын алдаатай байдлыг өөрчилж хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

Хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, мэргэжлийн болон ёс зүйн шаардлага, шалгуурыг өндөрсгөн, мэргэшлийн шалгалтад нэг удаа бүрэн хамруулах замаар дахин сонгон шалгаруулна. Ийнхүү шалгарсан хараат бус, хууль ёсонд үнэнчээр зүтгэх, ёс зүйт, хүний эрхийн төлөө хандлагатай албан хаагчдын эрхийн нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгааг эрс нэмэгдүүлнэ.

Авлигатай тэмцэх газрыг зөвхөн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болгон өөрчилж, авлига албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах бүрэн эрх бүхий тусгай субъектийн гэмт хэргийг мөрдөн шалгах нэгжийг сэргээн байгуулна.

Төрийн албаны шинэчлэлийг боловсронгуй болгоно.

Төрийн албыг улс төрийн нам, улс төрчдийн нөлөөлөл, дарамтаас ангижруулан, бүтэц, зохион байгуулалтын хувьд оновчтой болгож, орон тоог боломжит доод хэмжээнд хүртэл бууруулан бүтээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд яамдын тоог арваас хэтрүүлэхгүй байх бодлогыг баримталж, агентлагуудын тоог өнөөгийнхөөс гурав дахин цөөлөн, чиг үүргийг яамдад хариуцуулах замаар төсвийн хэмнэлтийг бий болгож, цомхон төрийн зарчмыг хэрэгжүүлнэ.

Төрийн албаны тухай хуулиар зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлон зохицуулж, төрийн үйлчилгээний албан хаагчдын эрхийн баталгааг дордуулахгүй байхад чиглэсэн шилжилтийн зохицуулалтыг тусгана.

Төрийн жинхэнэ албан хаагчаар зөвхөн шилдэг, чадварлаг, ёс зүйтэй, төрд итгэмжлэгдсэн, хууль ёсонд үнэнч мэргэжилтэн ажилладаг байх, тэдгээрийг сонгон шалгаруулах, мэргэшүүлэх, хөгжүүлэх, үнэлэх, хариуцлага хүлээлгэх мэргэжлийн байгууллагын (Төрийн албаны зөвлөл) бие даасан байдал, чадавхыг дээшлүүлэхийн зэрэгцээ, төрийн албатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх чиг үүргийг хасаж, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулах Үнэлгээний төвийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх хууль зүйн боломжийг бүрдүүлнэ. Мэргэшсэн төрийн алба улс төрчдийн хууль бус, зүй бус шийдвэрт хяналт тавьдаг, хязгаарладаг, эрх ашгаа хамтран хамгаалдаг боломжийг бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж, эрх ашгаа хамгаалах хамтын удирдлагын байгууллага байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

Төрийн жинхэнэ албан хаагч нь чадахуйн болон шатлан дэвших зарчмын дагуу ажиллах боловч төрийн албыг чадавхжуулж, хөдөлмөрийн зах зээл дээрээс шилдэг мэргэжилтнүүдийг татан оролцуулах боломжийг бүрдүүлэхийн тулд сонгон шалгаруулалтаар (тусгай шалгалт) төрийн албаны зохих түвшинд орж ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Төрийн албан хаагчид тавигдах шалгуурыг өндөрсгөх, тэднийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчдын нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгааг нэмэгдүүлнэ.

Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэхийн тулд Иргэдийн нийтийн болон төлөөлөгчдийн хурлын шийдвэрлэх асуудлын хүрээ, чиг үүргийг нэмэгдүүлэн, эрх мэдлийг төвлөрүүлэх бус аль болох иргэдэд болон орон нутгийн түвшинд шилжүүлж, орон нутгийн сонгуулийн тогтолцоог өөрчилж, хуулийг шинэчлэн найруулах замаар иргэд нутгийнхаа Засаг даргыг өөрсдөө сонгодог болох эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

Авлигатай тэмцэж, хүний эрх, эрх чөлөөг хангана.

Төрийн үйл ажиллагааны ил тод байдлын зарчмыг бодитой хэрэгжүүлж, төрийн болон байгууллагын нууцын тухай хуульд зохих өөрчлөлт оруулж, иргэдийн мэдэх эрхийг хангана.

Төрийн болон орон нутгийн өмчөөр нийгэм эдийн засгийн ямар салбарт хэрхэн оролцох хүрээ, хязгаарыг тодорхойлон хуульчлах хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хийж гүйцэтгэх боломжтой ажил, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлана.

Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийг сонгуулийн үр дүн болон улс төрийн томилгооноос хамааралгүй удирдлага, зохион байгуулалттай болгож, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хэлбэрээр, эсвэл нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр улс төрөөс хамааралгүй, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

Иргэдийн улс төр, эрх зүй, ёс суртахууны боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч бүх шатны сургалтын хөтөлбөрт эрэмбэ дараалалтайгаар тусгах, насан туршийн боловсролын хүрээнд иргэний нийгмийн байгууллагатай гэрээний үндсэн дээр төрийн тодорхой чиг үүргийг төсөв зардлын хамт шилжүүлэн гүйцэтгүүлэх хэлбэрээр уг боловсролын үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Энэ хүрээнд шударга ёсыг шаардах, авлигыг үл тэвчих үзэл, сэтгэлгээг иргэн бүрд төлөвшүүлэхийг эрмэлзэх бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага нэхэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэл зайлшгүй бөгөөд хатуу цээрлэлтэй байхаар хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг бүрэн хангах баталгааг бүрдүүлэх ба үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван замаар жагсах, цуглах эрхээ эдэлсний төлөө хууль бусаар мөрдөн хавчигддаг, үндэслэлгүйгээр хууль зүйн хариуцлагад татагддаг явдлыг эцэс болгоно.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих ажиллагааг хязгаарлаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчлийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн найруулж, ардчилсан тогтолцооны үндсэн оролцогч болохынх нь хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус бие даасан байдлыг хангах, тэдгээрийн редакцийг эздийн нөлөөллөөс гаргах, хариуцлагатай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Олон нийтийн радио, телевизийн бие даасан байдлыг ханган, иргэдээс санхүүжиж байгаагийн хувьд хариуцлагатай, хараат бус, иргэдийг хөгжүүлэхэд чиглэсэн нийтлэлийн бодлоготой болгох хууль тогтоомжийг батална. Өргөн нэвтрүүлгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хувийн радио, телевизийн санхүүжилтийг иргэдээс албадан гаргуулдаг тогтолцоог халж, зах зээлийн зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг төлөөлсөн байгууллагын үр дүнтэй оролцоог хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээг дэмжнэ.

БАЙГАЛЬД ОЙР ХӨГЖИЛ

ХҮН намын Үндсэн мөрийн хөтөлбөрт байдаг “Байгальд ойр Монгол” зарчмыг тэргүүн чиглэлээ болгож, “Байгаль хамгаалалт-Ашиглалт”-ыг хослуулан өнөө үеийн хэрэгцээг хангахын зэрэгцээ ирээдүй хойчдоо байгалиа унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээх бодлого баримтална.

Байгалийн унаган байдлын хадгалалт ба хамгаалалтыг сайжруулна.

Олон улсын, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлж түүний сүлжээ, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн мэдээллийг нэгтгэн бүрэн цахимжуулна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгааллын зохистой ажиллагаа, зөв хөгжлийн бүтцийг бүрдүүлэн ажиллах ба төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хувийн санхүүжилт, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, иргэд, байгаль хамгаалагчдыг зохих нөөц, сургалт, тоног төхөөрөмжөөр хангана.

Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд байгаль орчны удирдлага, хяналт, тайлагналын тогтолцоог зайлшгүй болгон олон нийтийг мэдээллээр хангана. Нөхөн сэргээлтийн зардлыг жил бүр урьдчилан тусгай санд төвлөрүүлж, нөхөн сэргээлтийг бүрэн гүйцэтгэсний дараа эгүүлэн олгодог барьцаалбарын тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Ойжуулалт, нөхөн сэргээлт, тогтвортой газар тариалан эрхлэх зэрэг газрын тогтвортой менежментийн сайн туршлагыг дэлгэрүүлнэ. Эвдэрсэн газрыг сэргээх хөдөө аж ахуйн арга техникийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийг шингээх, экосистемийн уян хатан чанарыг нэмэгдүүлэхийн тулд хөрс, газрыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжинэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллана. Мод ургуулах ажлыг тодорхой хэмжээгээр бизнес, арилжааны хэлбэрт шилжүүлэх, гадаад дотоодын хувийн санхүүжилт, ногоон бонд, хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх, дэмжих чиглэлээр анхаарч ажиллана.

Хот-хөдөөгийн экосистемийн үйлчилгээг үнэлэх зохицуулалтыг боловсронгуй болгох, экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэх, экосистемийн үйлчилгээ, түүний үнэ цэн, ач холбогдлыг газар ашиглалттай уялдуулан тооцно. • Байгаль хамгаалал, байгаль орчны санхүүжилт, тусгай хамгаалалтай газрын санхүүжилтэд гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоог хангасан тогтвортой, урт хугацааны санхүүжилтийн цоо шинэ загварыг нэвтрүүлж, улсын төсвөөс хамаарах байдлыг багасгана.

Байгаль хамгаалах санхүүжилтийн загварыг шинэчлэх ажлын хүрээнд олон улсын жишиг стандартын дагуу Байгаль орчны итгэлцлийн санг байгаль орчны олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад суурилан байгуулна.

Монгол Улсын нэгдэн орсон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенци, Хүн ба шим ертөнц хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Энэ хүрээнд Говийн их дархан цаазтай газруудын унаган төрхийг хадгалах замаар тэнд орших Монгол Улсын үндэсний бахархалт амьтан - мазаалай баавгай, мөн дэлхийд ховордсон хавтгай, тахь, цоохор ирвэс зэрэг унаган зүйлүүдийг хамгаалах тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Байгалийн нөөцийн үр ашигтай удирдлага, зүй зохистой хэрэглээг дэмжинэ.

Аймаг, сум, аялал жуулчлалын төвүүд гэх мэт хүн ам төвлөрсөн, суурин газруудад олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангасан бүтээц, цэвэрлэгээ бүхий 150 хүртэл бага оврын био-ариун цэврийн байгууламжуудыг суурилуулна.

Монгол орон даяар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ашиглах боломжтой байршил, газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч, нар, салхи, усан цахилгаан станцын зориулалтаар хөгжүүлнэ.

“Эзэнтэй хог” хөтөлбөр хэрэгжүүлж, хог хаягдлын менежментийн өнөөгийн тогтолцоог бүрэн шинэчлэх, хог хаягдал дахин боловсруулах стандартыг сайжруулах зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ, Туул голуудын эрэг дагуух газрыг нийтийн амралт зугаалгын зориулалтаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тохижуулан жилийн 4 улиралд хамгаалалт-ашиглалтыг хослуулдаг хэлбэрт шилжүүлнэ.

Биологийн олон янз байдал, экосистем, байгалийн үзэсгэлэнт газар, соёлын өвийг тодотгосон тогтвортой аялал жуулчлалын туршлага, санаачилгыг дэмжиж хөгжүүлнэ.

Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагдсан газрыг байгалийн аргаар нөхөн сэргээх, сэлгэн ашиглах журмыг боловсруулна. Газар тариаланд ашиглагдаж буй химийн бодисыг олон улсад зөвшөөрөгдсөн тогтолцоогоор хянана. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс тордох агротехникийн болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг хэрэгжүүлнэ.

Ус цаг уур, байгаль орчны хяналт шинжилгээний сүлжээг өргөтгөж техник технологийн шинэчлэл хийхэд олон улсын байгууллагуудтай хамтарна. Хөрс, газар, ус, агаар, биологийн олон янз байдлыг хамгаалах байнгын, ухаалаг мониторинг сүлжээг хөгжүүлж хүний нөөц, техник технологи, мэдээ боловсруулалт, мэдээллийн ил тод байдал, ашиглалт-хамгаалалтын цогцолборыг бүрдүүлнэ.

Зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд техник технологийн шинэчлэл хийж мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарна.

“Байгальд ойр хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэдэд орчноо тордон, ногоон байгууламжаа сэргээх ажлын байр, эдийн засгийн тогтолцоог бий болгож, хот суурин газарт экосистемийн эерэг үйлчилгээ бүхий байгальд суурилсан шийдэлтэй ногоон-цэнхэр байгууламжуудыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад шинээр байгуулахад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ашиглана.

Цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх тогтолцоог ард иргэдийн амь нас, өмч хөрөнгөд учрах эрсдэл, үүсэж болзошгүй хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлдэг цогц системийн хамт хөгжүүлнэ.

Хот суурин газрын байгалийн болон нийгэм-эдийн засгийн эрсдэлийн иж бүрэн үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлнэ.

Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрээс гарах ялгарлыг багасгахын тулд хорт утаа ялгаруулж буй авто машиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглож, түүнийг хянах тогтолцоог бий болгоно.

Хүн амын эрүүл мэнд, халдварт өвчний үед авах арга хэмжээний цогц төлөвлөгөө боловсруулан улирлын чанартай халдварт өвчнөөс сэргийлэх сургалтуудыг тогтмол олон нийтэд хүргэдэг стандарт хөтөлбөртэй болно.

Хил дамнасан болон эх нутагтаа байх усны тусгайлсан бодлого хэрэгжүүлж, усны дахин хуваарилалтыг бүсчилсэн хөгжилтэй уялдуулна. Усны сав газрын бодлогын зэрэгцээ хот суурин газрын усны менежментийг тусгайлан хэрэгжүүлнэ.

Байгалийн нөөцийг хамгаалах талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлнэ. Тогтвортой амьдралын хэв маяг, ногоон хөгжлийн шийдэл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боловсролын кампанит ажлыг хэрэгжүүлнэ.

Ногоон хөгжлийг эрчимжүүлнэ.

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тооцоолох, магадлах, тайлагнах чадавхыг бэхжүүлж, цахимжуулна.

Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, татаас, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгож, эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын эх үүсвэрүүдийг татах бодлогыг хэрэгжүүлнэ.

Парисын хэлэлцээрийн хүрээнд үүсгэн байгуулагдсан Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшил хамтарсан Ногоон зээлийн сан буюу ногоон санхүүжилтийн шинэ загварын санхүүгийн байгууллага үүсгэн байгуулахыг бодлогын хувьд дэмжиж ажиллана.

Олон улсын хүлэмжийн хийн зах зээлд Монгол Улс идэвхитэй оролцох, хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн бааз, цахим платформ үүсгэх, хүлэмжийн хийн тооцооллын үнэлгээ, хянан баталгаажуулах, олон улсын зах зээлд оролцох мэргэжлийн дотоод чадавхийг эрс нэмэгдүүлэх, цаашлан олон улсын түвшинд ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлдэх чиглэлээр тусгайлан анхаарч ажиллана.

Ногоон барилгыг хагжүүлэх, ногоон барилгын стандартыг нэвтрүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд олон улсын байгууллага, хувийн хэвшил, салбарын мэргэжлийн холбоодын оролцоо, хамтын ажиллагааг дэмжинэ.

Хог хаягдлыг бууруулах, байгалийн нөөцийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, дахин боловсруулах, дахин ашиглах санаачилгуудыг дэмжин, байгальд ээлтэй техник технологийг нэвтрүүлж, ногоон бүтээгдэхүүн, тогтвортой хэрэглээ, амьдралын ногоон хэв маягт тулгуурласан Тойрог эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Айл бүр хашаандаа 5-10 мод тарих, өрхийн аж ахуй эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, үүнийг нь газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй уялдуулна.

Айл өрх, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт ногоон хэрэглээг нэмэгдүүлэх бодит хөшүүргүүдийг үе шаттай бий болгож, төрийн худалдан авалтыг ногоон худалдан авалтад үе шаттайгаар шилжүүлж, хувийн хэвшлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.

БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО

Бодлогын шинэчлэл хийнэ.

Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн хэм хэмжээний хүрээнд “Цэрэг, техникийн бодлого” баримт бичгийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлнэ.

Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдлын байгууллагуудын зэвсэг, техникийг дэлхийд технологиор тэргүүлэгч орнуудтай хамтран үе шаттай шинэчилж байх уян хатан тогтолцоог дээрх бодлогын хүрээнд бүрдүүлнэ.

Хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэх судалгаа явуулж, тэднийг МСҮТ-ийн сургалтад хамруулах замаар хугацаат цэргийн алба хаагчдын хөдөлмөрийг ажил мэргэжлийн жагсаалтад оруулан, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ.

Боловсрол, ур чадварыг сайжруулна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төрийн тусгай алба хаагчдыг гуравдагч орнуудад боловсрол эзэмшүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэвсэгт хүчин, цэргийн байгууллагуудын оролцоог тэнцвэржүүлж, чадавхыг нэмэгдүүлнэ.

Бүсчилсэн хөгжлийг дэмжинэ.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бүсийн нэгдмэл удирдлагын төв байгуулж “Бүсчилсэн хил хамгаалалт” хөтөлбөрийг шинэчилнэ.

Төрийн тусгай алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн асуудлаар бүсчилсэн иж бүрэн судалгаа хийж, ахуй нөхцөлийг дээшлүүлэх арга хэмжээ авна.

Нийгмийн баталгааг бий болгоно.

Төрийн тусгай алба хаагчийн хүүхэд гурав ба түүнээс дээш ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцсан тохиолдолд хоцрогдол арилгах сургалтын нөхөн олговор бүхий хөтөлбөр хэрэгжүүлж, суралцах чадварыг сайжруулж, Үндэсний батлан хамгаалахын, Дотоод хэргийн болон гадаад, дотоодын их дээд сургуульд хамруулах боломжийг нэмэгдүүлнэ.

Цэргийн алба хаагч, албан тушаалд томилогдон хөдөө орон нутагт үүрэг гүйцэтгэж, албаны шаардлагаар гурав ба түүнээс дээш нүүсэн тохиолдолд эд хөрөнгийн элэгдэл, хорогдлын зардал олгох эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

Алба хаагчдыг оршин суугаа газарт нь албаны орон сууцаар хангаагүй тохиолдолд аймаг, орон нутагт түрээсийн төлбөрийн 50 хүртэлх хувьд дэмжлэг үзүүлэх, хот суурин газарт хөнгөлөлтэй орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг судлан хэрэгжүүлэх, хамрагдах хүрээг тэлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Гадаад харилцаа

Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг ханган Монгол Улсад хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх тууштай гадаад бодлогыг хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, зарчмуудыг баримтлан хөрш орнуудтай найрсаг, тэнцвэртэй харилцана.

Монгол Улсад ардчилал, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор “Гуравдагч хөрш” орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлнэ.

Олон тулгуурт гадаад бодлогыг олон хэмжээстэй болгох, олон тулгуурт аюулгүй байдал, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бүрэлдүүлэн бэхжүүлнэ. Үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангахаас гадна эдийн засгийн аргаар хангахад анхаарна.

Бүс нутгийн интеграцид нэгдэх, бүс нутгийн орнуудтай хоёр талын харилцааны хүрээнд хөрөнгө оруулалт татах, томоохон төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх чиглэлд идэвх санаачилгатай ажиллана. Ингэснээр гадаад бодлогыг эдийн засагжуулж, түүнд тулгуурлан бүс нутгийн гео-эдийн засгийн орчныг бүрдүүлэхэд Монгол Улсын оролцоог бий болгоно.

Олон талт хамтын ажиллагааны механизмыг улс орныхоо ашиг сонирхолд нийцүүлэн үр дүнтэй ашиглах, их гүрнүүд болон бусад улс орон хоорондын ашиг сонирхлын тэнцвэрийг зөв барихыг эрхэмлэнэ.

Хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална. Эх орноо гадаадад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлнэ.

Гадаад улс орнууд дахь Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг чанаржуулан сайжруулж, дипломат албанд ажиллагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, сахилга батад тавигдах шаардлагыг өндөржүүлэн хариуцлага, үр дүнг нэмэгдүүлж, тэдний үйл ажиллагаанд эдийн засгийн гадаад харилцааны ач холбогдлыг нэмэгдүүлнэ.

Монгол Улсын иргэд визгүй зорчих орнуудын тоог нэмэгдүүлж, монголчууд олноор зорчдог Япон, БНСУ, Европын Холбооны улс орнуудад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажлыг хэрэгжүүлнэ.

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах гадаад бодлогыг хэрэгжүүлнэ. Гуравдагч хөрш орнуудтай дээд, өндөр хэмжээний айлчлалыг тогтмолжуулж, Монгол Улсын олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлнэ. НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоогоо идэвхтэй үргэлжлүүлж, түүний төрөлжсөн байгууллагуудын удирдах түвшинд ажиллах монгол хүний тоог нэмэгдүүлэхийг эрмэлзэнэ.

ГАДААДАД СУУГАА МОНГОЛЧУУДАД ЧИГЛЭСЭН БОДЛОГО

Хүн ам, газар зүйн онцлогт нь нийцсэн бүсчилсэн сонгуулийн тойргийг байгуулах замаар хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийг УИХ-д шууд төлөөлөлтэй болгоно.

Сонгуульд баталгаат шуудангаар урьдчилж болон цахимаар санал өгөх боломжийг бүрдүүлэн, оршин суугаа байршлаас үл хамааран Үндсэн хуулийн тэгш сонгох эрхээ эдлэх боломжийг нь нээнэ.

Хилийн чанадад суугаа иргэдийн идэвх санаачилгыг дэмжиж, монголчуудын холбоо, байгууллагуудтай хамтран ажиллах, тэдгээрт төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг шилжүүлэх, эх орондоо буцаж ирэхэд нь дэмжлэг үзүүлэх төрийн цогц бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ.

Монгол Улсад нэвтрэх, амьдрах эрх бүхий “Хөх Гэрэгэ” картыг гадаадын харьяат монголчуудад олгох хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.

Бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгох Үндсэн хуулийн үүргийн хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй монгол хэл, соёлын сургуулиудад дэмжлэг үзүүлнэ.

Гадаадад суугаа монгол иргэдийн хүүхдүүдэд зориулан “Би монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстэнд монгол хэлээр боловсрол эзэмших боломжийг олгох “Диаспора боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Монгол Улсыг сурталчилсан, хилийн чанад дахь монголчуудын зохион байгуулдаг монгол туургатны наадам, цагаан сар зэрэг уламжлалт баяр болон хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын зэрэг арга хэмжээг бодлогоор дэмжинэ.

Гадаадад суугаа монгол иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамрагдах тогтолцоог бий болгоно.

Оршин суугаа газраас үл хамааран монгол хүүхүүдийг сургалтын зээл болон сургалтын төрийн сангийн тэтгэлэгт тэгш, шударгаар хамрагдах боломжийг бүрдүүлнэ.

ТЭРГҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛСЭН ЦАХИМ ҮНДЭСТЭН

Аж үйлдвэржилтийн тавдугаар эринд түүчээлэх, цахим үндэстэн болж дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэнэ.

Мэдээлэл технологи, судалгаа, инновацийн үйл ажиллагаа эрхлэх татваргүй чөлөөт бүсийг бий болгоно.

Хиймэл оюун ухаан, блокчэйн зэрэг аж үйлдвэржилтийн тавдугаар хувьсгалд хүргэх шинэлэг технологиудыг эзэмших ур чадварыг хүүхэд залууст олгох хичээлийг мэргэжлийн их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тусгаж, багшлах боловсон хүчнийг бэлтгэнэ.

Төр өөрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхдээ орлого хуваах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Орон даяар өндөр хурдтай, хямд өртөгтэй интернет сүлжээнд бүрэн холбогдох бодлого баримтална.

Иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийг чандлан сахиж буй эсэхэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулна.

Сонгуулийн санал авах үйл ажиллагааг цахимжуулна. Гадаадад буй монголчуудыг цахимаар сонгуульд оролцох бололцоог бүрдүүлнэ.

Гарааны бизнесүүдийг хөрөнгө оруулалт татах, тогтвортой хөгжүүлэх, олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргахад шаардлагатай хурдасгуур хөтөлбөр, инкубатор төвүүдийг орон нутгийн бүсчилсэн тойргуудад бий болгоно.

Цахим шүүх, цахим боловсрол, цахим эрүүл мэнд, цахим иргэний бүртгэл зэрэг технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлнэ.

Төрийн дата мэдээллүүдийг ашиглан нээлттэй их өгөгдлийг бий болгосноор эдгээр мэдээллийг төрийн болон турийн бус байгууллага, олон улсын байгууллагууд судалгаа шинжилгээндээ ашиглах дэд бүтэц бий болно.

Орон нутгтйн болон нийслэлийн төсөв, тэдгээрийн үйл ажиллагаанд иргэд цахимаар санал илгээх, оролцох, хяналт тавих нэгдсэн системийг бий болгоно.

Төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, иргэд хурдан шуурхай үйлчилгээ авах боломж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төрийн бүх шатны үйлчилгээг цахимаар авах өртөг, зардлыг бууруулах боломжийг судлаж, хэрэгжүүлнэ.

Төрийн өндөр албан тушаалтнууд хувийн буюу өөрийн хамаарал бүхий сошиал хуудас дээр төрийн ажлын гүйцэтгэлээ сурталчлах, тухайн хуудсаа төсвийн мөнгөөр хөгжүүлдэг байдлыг таслан зогсоож, журамлана.

ХОТЫН ХӨГЖИЛ БА ДЭД БҮТЭЦ

Иргэдэд үзүүлэх хотын үндсэн үйлчилгээний чанар, менежментийг цогцоор нь сайжруулна.

Хотын даргыг хотын иргэд шууд сонгодог болох хууль эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлнэ.

УИХ-д Хотын хөгжлийн байнгын хороо байгуулах замаар Монгол Улсын хотуудын хөгжлийн бодлого, иргэдийн амьдралын чанарын асуудлыг төрийн бодлого, хууль тогтоох түвшинд гаргаж, хотын хөгжлийн шаардлага, тулгамдсан болон урт хугацааны шийдлийг тогтвортой дэмжиж ажиллах нөхцөл бүрдүүлнэ.

Хотын хөгжлийн олон улсын үнэлгээний аргачлалаар амьдралын чанарын суурь түвшинг тодорхойлж стратегийн чанартай бодлого, үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэн ажиллана.

Хотын үндсэн үйлчилгээнүүдийн зарим чиглэлийг хувийн хэвшилд шилжүүлэн тогтмол хяналт тавих тогтолцоог бүрдүүлснээр хотын захиргааны ажилчдын үр дүнгийн үнэлгээг иргэдэд ил тод болгон үйлчилгээний чанарын эерэг хэмжигдэхүүнтэй уялдуулан хянадаг болно.

Улаанбаатар хотын дүүрэг тус бүрд хүний хөлийн урсгалыг зөв төлөвлөлтөөр нэмэгдүүлэн хүнс, ахуйн болон арилжааны үйлчилгээний чанар, хүртээмжийг жигдрүүлж бизнес цэцэглэх орон зайг бүрдүүлнэ.

Өндөр настнуудад зориулан коммюнити төвүүд байгуулан шинэ ур чадварт сургах мэдээлэл хөгжлийн төв байгуулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, нийгэмшин хөгжих боломжийг дэмжинэ.

Хоол үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, түгээлт, бэлтгэл үйлчилгээний шинэ ажлын байрууд бий болгоно.

Хотын богино хугацааны төлөвлөлтийг хийж, томоохон худалдааны төв, үйлчилгээний газруудыг хотын захад төрөлжүүлэн төлөвлөнө.

Амьдрах орчныг хордуулах хүнд элемент, хорт бодисын хэрэглээ бүхий хүнд үйлдвэрүүдийн хяналтыг чангатган үе шаттайгаар хотоос нүүлгэх ажлыг эрчимжүүлнэ.

Хотын нийгэм байгаль орчин, эдийн засагт хэмжигдэхүйц эерэг нөлөө үзүүлж буй аж ахуйн нэгжүүд буюу нийгмийн бизнесүүдийг (энтерпрайзуудыг) дэмжиж тэдгээрийн үйл ажиллагаа, экосистемийг хөгжүүлэх тал бүрийн оновчтой хөшүүргийг бий болгон хамтран ажиллана.

Хотын тогтвортой дэд бүтцийг бий болгоно.

Хотын иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх шийдвэрийг гаргахдаа судалгаа, баримтад үндэслэн урьдчилан танилцуулахаас гадна Захиргааны хуульд заасан эрх ашиг нь хөндөгдөх иргэдээс асуух зарчмыг баримтлах, мөн олон талын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үе шаттай хэрэгжүүлдэг жишиг тогтооно.

Компакт хотын дэд бүтцийн мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргаж олон талт хамтын ажиллагааг дэмжинэ.

Хотын дэд бүтцийг гамшгийн эрсдэлээс хамгаалах аргачлал, стандарт нормыг шинэчилнэ.

Гэр хорооллын цахилгаан, дулааны эх үүсвэрийг бие даасан, олон төрлийн эх үүсвэрээс холимог байдлаар бүрдүүлэх тогтолцооны өөрчлөлт хийнэ.

Монгол орны байгаль цаг уурын онцлогт тохирсон дэд бүтцийн инновацлаг шийдэл нэвтрүүлэх цогц стратеги боловсруулан хэрэгжүүлнэ.

Хотын эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулан шинэ эх үүсвэр бий болгох чиглэлээр олон улсын ногоон санхүүжилт татан хувийн хэвшилтэй хамтран ажиллана.

Орон сууцны бодлого ба аюулгүй амьдралын баталгааг бий болгоно.

Хотын хүн амын нягтаршлыг төлөвлөлтөөр, бодлогоор зохицуулан ажиллана.

Гэр хорооллын газраа хамтарсан төлөвлөлтөөр дахин төлөвлөж, холимог зориулалттай барилга байгууламж барьж борлуулалтаас ашиг хүртэх бизнес модель боловсруулна.

Бага орлоготой иргэдэд дулааны алдагдалгүй, коттаж хэлбэрийн амины орон сууцны түрээс ажлын байр хосолсон хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хороо бүрд биеийн тамирын талбай, спортын талбайн төлөвлөлтийг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.

Хүүхдүүдийн тоглох орон зайг цогц төлөвлөлтөөр хийж, нас насны онцлогт тохирсон дөрвөн улирлын турш ашиглагдах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зайг бий болгоно.

Cуперблок төлөвлөлтөөр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Үүнийг эхний удаад хотын 10 байршилд хэрэгжүүлнэ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт болон бусад нийгмийн шилжилт хөдөлгөөний улмаас иргэдэд учирч буй хүндрэлийг шийдвэрлэх судалгаа тооцоо хийж, шаардлагатай арга хэмжээ авна.

Зорчилт хөдөлгөөн, хотын бүсчлэлийг хөгжүүлнэ.

Шинэ Хархорум хот бүтээн байгуулах буюу Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, парламентийн ардчиллыг бэхжүүлэхийн тулд төрийн гол институциүдийг тэнцвэртэй байршуулах бодлого баримтална.

Улаанбаатар хотод хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалт гэх мэт хориглолтуудыг хүчингүй болгож зорчилт хөдөлгөөний нэмэлт сонголт бий болгон ажиллана.

Улаанбаатар хотын өнөөгийн тэлэлтэд суурилсан зургаан “трансек”-т хуваан бүсчилсэн код мөрдүүлнэ.

Улаанбаатар хотын ногоон паркийн сүлжээг бий болгон орчин үеийн менежментээр тасралтгүй тордон сайжруулж ажилладаг болгоно.

Хөдөлгөөний эрчим ихтэй гудамж, замуудыг тухайн орон зайтай нь цогцоор нь төлөвлөн хөдөлгөөний урсгалыг “мултимодаль” буюу олон төрөлт тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болгоно.

Авто зам дээр ил зорчдог масс транзитын шийдлүүдийг нэвтрүүлнэ. Трам, BRT буюу тусгай замын автобус гэх мэт шинэ шийдлүүдийг цаг алдалгүй нэвтрүүлнэ.

Экологистикийн цогц стратеги гарган бүсчлэлээс хамаарсан үйл ажиллагааны төлөвлөлтийг нарийвчлан хийнэ.

Хотын А болон Б бүсийг нийтээр нь хамарсан дугуйн замын сүлжээг үүсгэнэ.

Микромобилити буюу унадаг дугуй, скүүтэр, мопедийн ашиглалт, аюулгүй байдлын журам боловсруулан олон нийтэд сэрэмжлүүлэг, мэдээлэл тогтмол хүргэнэ.

Дундын, түрээсийн тээврийн шийдлүүд буюу хувийн хэвшлийн инновацлаг санаачилгыг дэмжин ажиллана.

Дата суурьтай шийдвэр гаргалт, хиймэл оюун ухаанд суурилсан хөдөлгөөний хяналтын тогтолцоог тээврийн салбарт нэвтрүүлнэ.

Тусгай хэрэгцээт иргэд чөлөөтэй нэвтрэх боломжтой байдлаар замын хашлага, гарц зэргийн төлөвлөлт стандартыг хянан бүртгэж, алдааг залруулах ажлыг цогцоор нь үе шаттай хэрэгжүүлнэ.

Хотын иргэдийн гоо зүй, соёлын хэрэгцээг мэргэжлийн удирдлагаар хангана.

Залуучууд давамгай хотын амьдралын хэв маягийн ялгарлыг тодотгон шинэ орон зайн төлөвлөлт, хотын амьдралын шинэ хэв маягийг бүрдүүлэн тусгайлан хөтөлбөр гаргаж ажиллана.

• Түүхэн дурсгалт хотын өв, барилга байгууламжуудын арчилгаа хамгаалалтыг тогтмолжуулан тордох цогц хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

• Хотын аюулгүй, тайван, соёлтой, байгальд ээлтэй амьдралын хэв маягийн талаар иргэдэд тогтмол сурталчлан таниулна.

• Улирлаас хамаарсан гудамжны зориулалтуудыг бий болгон хотын иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлсэн үйлчилгээ соёлын арга хэмжээ хэрэгжүүлнэ.

• Олон улсын шилдэг архитекторуудын бүтээл, төлөвлөлтийг жил бүр бодлогоор дэмжин хэрэгжүүлэх дотоодын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.

• Жуулчид заавал туршиж үзвэл зохих хотын үндсэн үйлчилгээ, онцлог бүтээн байгуулалтуудыг мэргэжлийн өндөр түвшинд төлөвлөн бүтээн байгуулалт хийнэ.

• Залуучуудын амьдралын хэв маягийг эергээр өөрчилсөн бодит бүтээн байгуулалтууд, чөлөөт цагийн орон зайг мэргэжлийн төлөвлөлт, дизайнаар бүтээн байгуулж тасралтгүй тордон сайжруулах менежменттэй болгоно.

БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ

Хангайн бүс

Уламжлалт мал аж ахуй эрхлэлтийг ашигт ажиллагаатай холбох зорилгын хүрээнд мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дахивар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулах, “zero waste” буюу хаягдалгүй ашиглалтыг дэмжин түүхий эд цуглуулах сүлжээ болон инноваци шингэсэн орчин үеийн үйлдвэрлэлийг бий болгох зэрэгт санхүүжилтийн хямд эх үүсвэр, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зохистой хувилбаруудыг санал болгоно.

Археологийн үнэт олдворууд, түүхэн дурсгалт газрууд болон газар зүйн онцлог шинж бүхий аялал жуулчлалын цогцолбор газруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, капиталжуулах зорилгын хүрээнд зам, тээвэр, эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийн сүлжээг төрөөс бодлогоор дэмжиж ажиллана.

Улс дамжсан аялал жуулчлалын хөтөлбөр бий болгох, соёлын өв болон байгаль хамгаалах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, олон улсад сурталчлах, таниулах ажлыг бодлогын түвшинд дэмжинэ.

Дотоодын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа хийх, иргэд, хүүхэд залууст зориулсан сонирхолтой агуулга хөгжүүлэх, түгээх, дунд сургуулийн сургалтын агуулгад оруулах зэргээр бодлогын дэмжлэг үзүүлнэ.

Орлогын шинэ эх үүсвэр бий болгох боломжийг дэмжих, эмийн ургамлын төрөл зүйл нөөцийг түшиглэн үр бэлтгэх, таримал хэлбэрээр нутагшуулах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд төрөөс газрын асуудал болон санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих бодлого баримтлана.

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний туршилт судалгааны лаборатори байгуулах, био анагаах ухааны үйлдвэрлэлд гаднын хөрөнгө оруулалтыг татахад бодлогоор дэмжинэ.

Баруун бүс

Алтай, Хангайн нурууны өвөрмөц байгалийн үзэсгэлэнт газруудаар тусгайлсан аялал жуулчлалын хөтөлбөр гаргаж хэрэгжүүлнэ.

Баруун бүсийн аймгуудын онцлогт тохирсон байгаль экологийн харьцангуй цэвэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ.

Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний бие даасан байдлыг дэмжиж усан цахилгаан станц болон бусад сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, эрчим хүч хуримтлуурыг алслагдсан сумдад байгуулна.

Баруун бүс нь ОХУ болон БНХАУ-ыг холбосон баруун коридор болохоос гадна Монгол Улсыг Төв Ази, цаашлаад Дундад Азитай холбох худалдааны гарц болох боломжтой. Түүнчлэн Шинжиан Уйгар, Дорнод Казахстан, Өмнөд Сибир, Баруун Монголын бүс нутгийн эдийн засгийн интеграцийн зангилаа болно.

Баруун бүсийг байгаль экологийн өвөрмөц онцлог, эдийн засгийн хөгжлийн харьцангуй давуу тал бүхий салбаруудад тулгуурлан “Эко-эдийн засгийн бүс” болгон хөгжүүлнэ.

Хойд бүс

Бүсийн аймгуудын төв болон сум суурин газруудын дулаан хангамжийн дэд бүтцийг сайжруулах, үр ашиг өндөртэй нүүрс, сэргээгдэх эрчим хүч технологийг ашигласан станцуудыг байгуулах суурь судалгааг хийж, төслүүдийг эхлүүлнэ.

Хүн амын төвлөрөл, зах зээлийн эрэлтийг харгалзан хот суурин газруудын ойролцоо эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэн мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийн сүлжээг хөгжүүлнэ.

Мал аж ахуйн гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулахад хөрөнгө оруулалт татаж нэмүү өртгийн гинжин хэлхээг бүрэн бий болгож, төгөлдөршүүлнэ.

Эрдэнэт хотод бүсийн тээвэр ложистикийн нэгдсэн төв барьж байгуулах хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

Бүсийн эрүүл мэндийн системийн бүтцийг бий болгож, эмнэлгүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулж, менежментийн эрх мэдлийг шилжүүлэх замаар чадварлаг эмч нарыг татах боломж бүрдүүлнэ.

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийн гинжин хэлхээг бүрэн бий болгож, төгөлдөршүүлэх мал аж ахуй, хөдөө аж ахуйн эрүүл бүс үүсгэж баталгаажуулах, түүхий эд боловсруулах салбарыг төрөөс тууштай дэмжинэ.

Төвийн бүс

Улаанбаатар-Дархан хотуудын хооронд баригдаж буй 4 эгнээ замыг Сүхбаатар хүртэл барих ажлын судалгааг хийнэ.

Бүс нутаг дахь аймгийн төвүүд, сум суурин газруудын дулаан хангамжийн дэд бүтцийг сайжруулах, үр ашиг өндөртэй нүүрс, сэргээгдэх эрчим хүч технологийг ашигласан станцуудыг байгуулах суурь судалгааг хийх, төслүүдийг эхлүүлнэ.

Хөшгийн хөндий болон Дархан хотыг түшиглэсэн мэдээллийн томоохон дата төвүүдийг бий болгоход чиглэсэн хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг бий болгож, хувийн хэвшилтэй хамтран ажиллана.

Алтанбулагийн чөлөөт бүсийн загварыг шинэчилж чөлөөт бүс, чөлөөт хот болгон хөгжүүлэхэд бодлогоор дэмжинэ.

Улаанбаатар хотын бүчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан дагуул хотуудын төлөвлөлт хөгжлийг бүсийн эдийн засгийн харьцангуй давуу тал болгон ашиглах, Шинэ Зуунмод хот дахь чөлөөт бүсийг тулгуурлан “Цахиурын хөндий”, дата төв, хүлэмжийн аж ахуйн, сэргээгдэх эрчим хүчний хосолсон загвар аж ахуйг хөгжүүлнэ.

Усалгааны системийг сайжруулах, технологийг хүртээмжтэй болгох, газар тариалан, мал аж ахуйг төрөлжүүлэх зэрэг тогтвортой газар тариалангийн практикийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Монгол Улсын хүн амыг хүнсээр хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буй Төвийн бүсийг “Эрүүл хүнс үйлдвэрлэх, экспортлох” голлох бүс болгон хөгжүүлэхийг дэмжинэ.

Бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын өв, өвөрмөц онцлогийг харуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын хурал, арга хэмжээ зохион байгуулагддаг төв болгоно.

Дархан хотод улсын болон олон улсын чанартай бизнес, урлаг, спорт болон соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтцийг бий болгох, төсөл хэрэгжүүлэх, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг төв болгоно.

Төвийн бүсэд зориулсан газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мод үрсэлгээ, ургуулахад чиглэсэн ногоон санхүүжилтийн эх үүсвэр, зээл болон буцалтгүй тусламж олгох санхүүжилтийн загварыг олон улсын сангууд, хувийн хэвшилтэй хамтран бий болгоно.

Хүн амыг орчин үеийн эдийн засагт оролцоход шаардлагатай ур чадвараар хангах боловсрол, сургалтын хөтөлбөрт хөрөнгө оруулах. Үүнд, ялангуяа хүнсний үйлдвэрлэл, малын болон газар тариалангийн бүтээгдэхүүний боловсруулалт, шинэ технологи, инновацийн чиглэлээр чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, бүс нутгийн хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн сургалтын төвүүдийг хөгжүүлнэ.

Зүүн бүс

Бизнес эрхлэгчдэд гадаад түншүүдтэй харилцахад нь дэмжлэг үзүүлэх, гадаад зах зээлийн талаарх мэдээллээр хангах төр, хувийн хэвшлийн оролцоотой бүтцийг бий болгон экспортын баримжаатай хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлнэ.

Бүсийн хилийн боомтуудыг өргөтгөж, өнөөгийн төлөвлөлтийн дагуу хийгдэж буй хатуу хучилттай зам тавих, эрчим хүчний эх үүсвэрээр хангах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж дуусгана.

Бүсийн сумдыг хатуу хучилттай замаар холбох бодлого хэрэгжүүлнэ.

ОХУ-ын Чита муж, БНХАУ-ын Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймаг, хил орчмын бүс болон Зүүн хойд Азийн бүс нутгийн орнууд, “Их Түмэн санаачилга”-ын хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэн, экспортын зах зээлийг өргөтгөнө.

Чойбалсан, Чингис, Баруун-Урт хотод үйлдвэр, технологийн кластерыг хөгжүүлж, хилийн зарим боомтод худалдааны чөлөөт бүс байгуулах боломжийг судалж, хэрэгжүүлнэ.

Бүсийн тулгуур төвүүдэд орчин үеийн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг бий болгох, багаж, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх арга хэмжээ авна.

Бүсийн хэмжээнд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн судалгаа хийж, бүсийн тулгуур төвүүдэд байгуулах чиглэл баримтална.

Мал аж ахуйн салбарт “Монгол өрх-үндэсний хөгжлийн загвар аж ахуй” хөтөлбөрийг нэн тэргүүнд туршин хэрэгжүүлнэ.

Бүсийн уул уурхайн салбарын түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл баримтална.

Түүхэн дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

Говийн бүс

Говийн бүсийг нийтэд нь уул уурхайн нөлөөллийн бүсээр тодорхойлж, аж ахуйн нэгжүүдийн орон нутагт үзүүлж буй дэмжлэгийг нэгдсэн бодлогоор зангидаж эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулахад чиглүүлнэ.

Говийн бүсэд эко-системийн үнэлгээ хийн зохист ургамлаар ойжуулах, усжуулах, бэлчээрийг хамгаалах, цөлжилтийг сааруулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг уялдуулан эрчимжүүлнэ.

Хүнд аж үйлдвэрийг төвлөрсөн цогцолборууд болгон түүнийг дагасан жижиг дунд аж үйлдвэрийн кластер хөгжүүлнэ. Нүүрс хими, газрын тос, гангийн үйлдвэрүүд болон гадаргын усыг хуримтлуулж говьд ашиглах томоохон төслүүдийг дэмжинэ.

Уламжлалт ба хосолсон мал аж ахуй, эрүүл хүнсний үйлдвэрлэлийг технологиор, уул уурхай дагасан борлуулалтын зах зээлээр, ус, дэд бүтцийн хангамжаар дэмжинэ.

Говийн аймгуудын аялал жуулчлалын төвүүдийг нийтэд нь хамарсан GoGobi хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсад сурталчилж, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулна.

Боловсрол, эрүүл мэнд, соёл гэх мэт нийгмийн хэрэгцээт мэргэжилтнийг “орон сууцжуулах” бодлогоор дэмжинэ.

Орон нутгийн иргэдийг нарийн мэргэжил эзэмшүүлж үйлдвэр уурхайн мэргэжлийн ажилчид, инженерүүдийг орон нутгаас дотоод, гадаадад сурган бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.