ЗӨВ ХҮН БАЙЯ
Алдагдсан боломж нөхөж ирэхгүй. Алдагдсан боломжийн хохирол, үнэ цэнийг юугаар ч нөхөшгүй. Өнгөрсөн дөрвөн жилд биднээс эрх баригчид ямар боломжуудыг маань хулгайлсан бэ? Бид үүнийг мартаж, умартаж болохгүй.Бизнес эрхлэгч, ажил олгогч, 3 хүүхдийн эх хүний хувьд ирээдүйн сайн сайхны төлөөх өөрийн үзэл бодлоо, мэдлэг мэдээлэл, туршлагаараа, хамгийн чухал нь сэтгэл зүрхээрээ энэ харанхуй нийгэмд гэрэл түгээхээр, хувь нэмэр оруулахаар сэтгэл шулуудсан ЭХ ОРНЫ ТӨЛӨӨЛӨЛ БИ БАЙНА.
Нийгэмд гэрэл гэгээ бий болгож, улс төрийн харанхуй буруу зүйлийг өөрчлөхөд өөрийн бага ч гэсэн хувь нэмрийг оруулахын тулд сэтгэл шулуудсан түүх минь их энгийн.
Яг үнэндээ төрөөд удаагүй нялх биетэй, хоёрхон сартай нярай хүүхэдтэй. Амьдралын хэмнэл солигдож, шөнөдөө бүтэн нойр авч чадахгүй байгаа бие хүний хувьд улс төрийн өндөр босгоор зориглон давах тийм ч амархан шийдвэр байсангүй.
Гэсэн ч би хойш суухыг хүссэнгүй. Дахиад л алдагдсан боломжийн хойноос санаа алдан суух 4 жилийг үдэхийг хүссэнгүй. Залуу хүн учраас зоригтой, зорилготой, шийдэмгий байж, шударга шинэчлэлийн төлөө өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьсон их эрмэлзлийнхээ төлөө өөрийгөө голсонгүй.
Би бол ажилчдынхаа ар гэрийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, улс эх орондоо шударгаар хөдөлмөрлөн, татвараа төлж, цалингаа цаг тухайд нь тавьж, улсынхаа хөгжил цэцэглэлт, эдийн засагт хувь нэмрээ оруулж, зорилгынхоо төлөө зүтгэж яваа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл.
Заримдаа өдөр шөнөгүй ажилласан ч татвар, түрээс, өндөр хүүтэй банкны дарамтнаас салж чадахгүй өрнөөс өрний хооронд аргацааж, ажилтнуудынхаа цалин урамшууллыг хүссэн хэмжээнд нь нэмж чадахгүй хязгаарлагдмал байдалд байсан хэвээр. Гэхдээ өөрийнхөө сайн дураар, өөрийнхөө босгосон бизнесийн төлөө цаг наргүй, борви бохис хийлгүй хөдөлмөрлөснийхөө төлөө гомдлох гэсэнгүй. Харин эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан этгээдүүд шударгаар хөдөлмөрлөж буй бидний боломжийг, бидний итгэл найдварыг бидний нүдэн дээр хулгайлж буйтай эвлэрч чадахгүй ээ!“Энэ асуудлыг яаж халах вэ? Тэгш, ил тод, шударга тогтолцоо хэзээ тогтох вэ?” гэсэн асуулт эргэлдсээр... Тиймээс салбартаа тулгамдаж буй асуудал бэрхшээл, хүндрэл, авилга, дарамт шахалт зэрэгтэй нүүр тулан ирсний хувьд өөрийн чадах мэдлэг, туршлагаа өвөртлөн улс эх орондоо зүтгэх том зорилго тээн энэхүү шийдвэрийг гаргалаа.
Боломж үргэлж байдаг. Түүнийг бодит болгох нь хүнээс өөрөөс нь хамаарна.
Эх орондоо ХҮН шиг амьдарья.