Товч танилцуулга

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) нь 2011 онд анх байгуулагдсан бөгөөд бид Монгол Улсын хөгжлийн түүхэн шаардлага, нийгмийн захиалгаар бүрэлдсэн шинэ Монголын эрүүл нэгдэл, шинэ улс төрийн хүчин юм. ХҮН бол нийт монголчуудын, нийгмийн бүх давхаргыг хамарсан нэгдэл, эх оронч хөдөлгөөн, хэн нэгний биш нийт Монголчуудын, таны, бидний нам.

ХҮН асуудлын тодорхой шийдэл, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй, мэдлэг, үзэл баримтлал, зарчим, ёс зүйтэй, эв нэгдэлтэй, бусад намуудаас эрс ялгаатай улс төрийн инстүүц.

ХҮН нам бусдаас юугаараа ялгаатай вэ?
• Иргэд, олон нийтийг хатуу гишүүнчлэлд бүртгэж, хуваахгүй, талцуулахгүй. Та дэмжигч байж болно.
• Санхүүжилтээ ил тод тайлагнадаг, аль нэг мөнгөтэй байгууллага, хүнээс хамааралгүй.
• Нэг хүний нам биш. Хэн нэг дарга, эсвэл мөнгөтэй хүнээс хамаардаггүй нийгмийн захиалгаар үүссэн инстүүц байгууллага.
• Мэдлэг, шинэ үеийн боловсон хүчний арвин нөөцтэй. Мэдлэгтэй, эх оронч, шударга мэргэжилтнүүдийг намын гишүүнчлэл, үзэл баримтлалаар ялгаварлан гадуурхахгүй байх зарчимтай.
• Тов тодорхой хөгжлийн бодлого, үзэл баримтлал, зарчимтай.

ХҮН, та бид шинэ цагийн дэлхийн Монгол улсыг бүтээнэ.
Монгол улсын асуудлыг шийдэхэд эрүүл, улс төрийн хүчин хэрэгтэй байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хөдөлмөрийн Үндэсний Нам нь эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан, аз жаргалтай нийгмийг цогцлоон байгуулж, дэлхийн Монгол Улсыг бүтээн хөгжүүлэх үйлсэд манлайлан түүчээлэх эрхэм зорилготой, зүүн төвийн социал демократ, ХҮН ДЭЭД үзэл баримтлал бүхий улс төрийн сайн инстүүц, мэргэжилтнүүдийн баг, олон нийтийн нам байна.

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Хөдөлмөрийн Үндэсний Намын үзэл баримтлал бол шинэ үеийн монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, бүтээх, иргэн хүнээ дээдлэх, хайрлан хамгаалах ХҮН ДЭЭД үзэл, зүүн төвийн социал демократ үзэл баримтлал юм.

ХҮН ДЭЭД үзэл нь тодорхой зарчмуудтай. Тухайлбал:

  • Хүнээс дээд, хүнээс үнэтэй нийгмийн үнэт баялаг гэж үгүй. Хүн бол нийгмийн баялгийн эзэн, бүтээгч.
  • Хөдөлмөр бол баялгийн үндэс. Баялгийг нийтээр хөдөлмөрлөж байж бүтээнэ. Баялгийг хѳдѳлмѳрийн үр шимээр шударга, хүртээмжтэй хуваарилах зарчим.
  • Төрийн бүх жижиг том бодлого барилга, зам гүүр биш хүнээ дээдэлсэн, иргэн хүн рүү чиглэсэн байна. Үр дүн нь цаасан дээр биш иргэн хүний амьдрал дээр шууд тусах ёстой зарчим.
  • Хүнээ дээдэлж, хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, орчин цагийн шинэ Монгол хүнийг бүтээнэ.
  • Эдийн засгийн салбарууд, боловсрол, эрүүл мэнд, цэргийн алба, спорт, соёл урлаг, хот төлөвлөлт, мэдээллийн хэрэгсэл гэх мэт бүх салбарын бодлого шинэ Монгол хүн бүтээн хөгжүүлэх, Монгол хүний төлөө чиглэнэ.
  • Монгол хүнд дараах 5 зүйл эн тэргүүнд хэрэгтэй гэж үзэн хөгжлийн бодлогоо чиглүүлнэ: (1) Хоол хүнс, (2) Орон гэр, (3) Орлого, (4) Эрүүл мэнд, (5) Боловсрол
  • Шинэ Монгол хүн бурхнаас, төрөөс, бусдаас юм горьдож нэхдэггүй, бие даасан, хариуцлагатай Монгол иргэн, дэлхийн хүн байна.
  • Монгол хүн бусдыг дууриаж биш өөрсдийн түүх, уламжлал, хүсэл, сонирхолдоо тулгуурлан XXI зуунд амьдрах амьдралын хэв маягаа шинэчлэн бүтээх ёстой. Өөрийгөө олсон, өөртөө итгэлтэй шинэ Монгол иргэн хүн орчин цагийн дэлхийн Монгол Улсыг сэргээн бүтээж чадна.

ЗАРЧИМ

Хөдөлмөрийн Үндэсний Нам үйл ажиллагаандаа дараах үндсэн зарчмыг баримталдаг.

  1. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэх, төрт ёсыг хүндэтгэх; 
  2. Үндэсний ашиг сонирхлыг намын, бүлгийн, хувийн ашиг сонирхлоос ямагт дээдлэн эрхэмлэх; 
  3. Зохион байгуулалт, үйл ажиллагаагаа ардчилсан зарчимд тулгуурлан цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж, олонхийн саналаар гаргасан шийдвэрийг нийтээрээ даган биелүүлж, эв нэгдлийг эрхэмлэн ажиллах; 
  4. Аливаа асуудлыг мэдлэгт суурилан, шударга ёсны зарчимд нийцүүлэн хариуцлагатай, ёс зүйтэйгээр шийдвэрлэх; 
  5. Санхүү, үйл ажиллагааг ил тод явуулах. 

НАМЫН ДАЛБАА, ЛОГОНЫ БЭЛГЭДЭЛ

Хөдөлмөрийн Үндэсний Нам өөрийн эрхэм зорилго, үзэл баримтлалыг илэрхийлсэн өвөрмөц лого, далбаатай бөгөөд утга, өнгө, дүрс нь дараах зүйлсийг бэлгэддэг юм. Үүнд:

  1. Намын далбааны арын ягаан дэвсгэр өнгө нь Их Монголын ариун голомт болсон тусгаар Монгол Улс мөнхөд шинэ сэргэг, цэцэглэн хөгжиж байх утгыг агуулна.
  2. Дүрс болон бичгийн алтан шар өнгө нь эрдэм оюуны гэрэл гэгээ, өөдрөг, аз жаргал, итгэл найдвар, бадрангуйг илтгэнэ.
  3. Дүрсний оройд залрах гал нь Монголчуудын эртнээс дээдэлж ирсэн хүндэтгэл бөгөөд Монгол Улс галын дөл мэт үргэлж мандан бадарч, илч гэрлээ дэлхийд түгээж байхыг харуулна.
  4. Логоны голд тодрон харагдах хүний дүрс Монгол хүн, ХҮН ДЭЭД үзлийг илэрхийлж, Монгол ХҮН Монгол Улсын эрхэм дээд баялаг, эх орондоо эрх чөлөөтэй амьдарч, нийгмийн баялаг бүтээгч хүч гэдгийг тодотгоно.
  5. Тулж, хамгаалж буй мэт хоёр багана нь Монгол хүн үргэлж үндсэн хууль, хуульт шударга ёсны нөмрөг хамгаалал дор эрх чөлөөтэй, амар тайван амьдрахыг бэлгэдэн харуулна.
  6. Бэлгэдэл дүрс бүхэлдээ Монгол Улсын төрийн далбаанд залсан соёмботой төстэй төрхийг тодруулах бөгөөд Хөдөлмөрийн Үндэсний Нам төрт ёс, үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдлэхийг давхар бэлгэднэ.